Монголчууд махсаж байж
-Уургийн дутагдал ойрхон байна даа-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хотынхоо ойд зориулан өргөн барааны хямдрал гээчийг зарлав. Албан бус хямдралд толгой өндийхгүй болтлоо даруулчихсан улаанбаатарчуудад ч сонин байлаа. Уриа нь ч сэтгэл зүрхийг нь гижигдсэн хэрэг л дээ.“Хэтэвчгүй очсон ч хоосон буцахгүй” гэсэн байх аа. Хотын захирагч маань хонх цохин хямдралаа ч нээв. Нийслэлийн дөрвөн дүүрэг, төвийг хамарсан хямдрал өргөн дэлгэр болсныг хэлэх хэрэгтэй. Найман настай балчраас наян настай буурал гэдэг шиг, ёстой л эр эм, хөгшин залуугүй талбайг бүрхжээ.
Тэд сонирхох гэж очоогүй нь лав. Юмны үнэ огторгуйг цоолонгоо алдаж ахуйд ядаж үмх мах олоод өвчүүнийхээ араар гулгуулчихыг бодолгүй яахав. Ерөнхийдөө есөн шидийн хүсэл бодолтой хүмүүс байсан нь мэдээж. Тэднийг ажжээ явахад нэг юм сэтгэл зураад байв. Манайхан үнэхээр өлөн нүдтэй болчихжээ. Зарим нь, магадгүй тал нь их л зүдэрч байгаа шинжтэй. Орь залуус хүртэл махны дараалал хараад шүлсээ гүд гүд залгих аж. Өргөн хэрэглээний барааных гэсэн ч хотынхны дийлэнх хүнс хайж, харж байлаа. Өргөн хэрэглээний бараа гэснээс тэд тийм ч сүртэй хямдруулсангүй бололтой. Ерөнхийд нь 5-50 хувь гэх шив. Гучаас доошхыг ямар юмных нь албан ёсны хямдрал гэх билээ. Хотын гудмаар нэг байдаг sale л харагдана лээ ш дээ.
Тавин хувийн хямдралын талаар бүр ярилтгүй. Гэхдээ хотын хэмжээнд зохиосон анхны гэдэг талаас нь хүндэтгэвэл зохилтой. Одоо мах руу анхаарлаа хандуулъя. Хямдрал гэдгээс ганцхан л юм ажиглагдав. Хотынхон махсаж байж. Махан хүнсэнд бие махбод нь дассан бид удахгүй уургийн дутагдалд орж магадгүй нь ээ. Саяхны нэгэн судалгаагаар монголчууд өлсгөлөнд орох дөхсөн ард түмний ангилалд орсон байна лээ. Олон улсын судалгаа шүү. Идэх юмгүй гэдэг талаас биш, уургийн дуталд орохыг л хэлсэн биз.
Онолоор бол бидний уургийн хэрэгцээ бусад улсыг бодвол өндөр нь ойлгомжтой. Бие махбод нь ч шаардана шүү дээ. Нэг тиймэрхүү юм л харагдаад байх шиг ээ. Махны хямдрал эзэндээ очсонгүй. Хөөцөлдөн сурвалжлах боломж хомс тул ажсанаа хүргье. Залуус дайраад л авчихна билээ. Зарим нь бараг өвлийн идшээ авна уу гэмээр харагдсан даа. Ченжүүд ч очсон сураг гарав. Үнэн байх. Тэр зэргийн юмыг луйвардалгүй өнгөрөөх улс биш л дээ.
Хямдарсан мах төдөлгүй Соёлын төв өргөө, Спортын төв ордныг тойрсон олон ресторан, зоогой, цайны газраар тарсныг л баттай хэлэх байна даа. Таваас 50 килограммаар тараасан гэж байгаа. Хоолны газрынхан өөрсдөө санаатай байсан ч, дарааллыг нь дийлээгүйгээс тэдэнтэй холбогдчихгүй юу. Килограмм нь 2500 төгрөгөөр зарагдсан ямааны махыг ажлын байрандаа 4000 төгрөгөөр авах нь тэдэнд ч ашигтай байсан нь дамжиггүй.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ