Суудал авсан ч түүнээсээ хэд дахин уршиг тарьж яваа этгээд олон...

МАН-ын 27-р их хурлыг нээж, намын дарга Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ хүний нөөцийнхөө асуудалд нэлээд ач холбогдол өгч, санал бодлоо хуваалцсан юм. Тухайлбал, “... Манай намын боловсон хүчний гол бодлого хэрэг дээрээ 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг болжээ. Боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг боловсрол, шударга чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыгбус, чухал биш төдийгүй зарчимгүй өөр бусад үндэслэлүүдийг голлодог болоод удсан ...

Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус янз бүрийн асуудалд тухайлбал, авлигад нэр нь байнга холбогдоод төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт, ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн нь олон сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.” хэмээн дурдаж байсан. Эндээс үзэхэд, намынх нь боловсон хүчний бодлого алдагдаж, чадвараараа бус авилга өгч, ая тал зассан цөөн тооны нөхөд албан тушаал “эзэмшиж” байгааг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр мөн “...Цаашдаа намын нэрээр сонгогдчихоод өөр нам, намын бүлэгт шилжсэн тохиолдолд тухайн тойрогт дахин сонгууль явуулах, нэрсийн жагсаалтаар орсон бол хасч дараагийн хүнийг оруулах талаар хуулийн зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай нь амьдралаас тод харагдлаа. УИХ дахь МАН-ын бүлэг үүнийг анхаарах шаардлагатай.” гэдгийг онцлон хэлсэн юм. Үүгээрээ өмнөх парламентын үеэр намаасаа гарч, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, мөн бүлгээсээ гарсан Ц.Даваасүрэн, энэ парламентын үед АН-д дагаар орсон Д.Арвин нарыг дайруулснаас гадна ирээдүйд тус намаас өрх тусгаарлах санаа агуулж байж болзошгүй нөхдөд анхааруулга өгч байгаа хэрэг.

Ө.Энхтүвшин дарга илтгэлдээ “Ганц суудал авч ирсэн ч түүнээсээ хэд дахин илүү хор уршиг тарьж яваа этгээд олон байна. Дээд түвшинд ч байна ... “Уг нь яаж ч мэдэх барьцгүй нөхөр байгаа юм. Гэхдээ ганц суудал чирээд ирэх байх. Дэвшүүлэхгүй бол бие дааж өрсөлдөөд бүр их аюул тарьж мэднэ” гэжхандсаны үр дагавар энэ юм.” гэсэнхатуухан үгсийг ч чулуудаад авсан. Энэ үг мөнгөөр цохиж, хууль тогтоох байгууллагад суудал эзэгнээд авсан гэгдэх ч томоожихгүй, зодоон цохионоос эхлээд хууль бус агнуур, хүчингийн хэрэгт хүртэл нэр холбогдоод авсан “номгүй” хүүд хаяглагдаж байгаа нь ойлгомжтой.

Намынхаа их хурлын үеэр Н.Номтойбаяр яаран сандран хэвлэлийн хурал зарласаннь ч үүнтэй холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ажил, амьдралын туршлага бага, дээр нь эзэмшсэн боловсрол, диплом нь ч эргэлзээ дагуулах болсон мань эрийн тухайд төрийн түшээгээр сонгосон олон түмнийхээ хайр, итгэлийг дааж, нэг ч болов хуулийн төсөл боловсруулж суухын оронд шальгүй зүйлээр зарга хийж, өөрийнх нь тухай мэдээллүүдийн хойноос хөөцөлдсөн шиг өдөр хоногийг барж явна. Түүнтэй холбоотой элдэв шуугиан, хэл ам ч тасрахгүй үргэлжилсээр.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Миний босгосон том овоо бол УИХ-ын гишүүн болсон явдал юм. Энэ нь тэр хүмүүст таалагдаагүй бололтой” гэж хэлж байсан. Тийм ээ, үнэхээр овоо босгоогүй бол шүүх цагдаагийнхны амыг барьж, өөрийн талд ажиллуулж чадах хангалттай их хөрөнгөний эзэн түүнтэй тэрсэлдэх зүрхтэй аавын хүү тийм амар олдохгүй шүү дээ. Харин тэр “овоо” нь өөрийнх нь хэлсэнчлэн парламентын гишүүн болсон явдал юм бол шуугиан дэгдээгчид түүнийг төрийн түшээ байх гавьяагүй, түмэн нүгэлтэй хүн гэж үзсэн байж таарах нь.

Түүний дэргэд долоон жил ажилласан Б.Батзориг гэх залуу “эзэн”-ийхээ үйлдсэн хэргүүдийг олон нийтэд дэлгэсээр байтал хууль хяналтынхан мөрөөр нь мөшгихгүй, толгойг нь илсээр байгаа нь Номтой хүү энэ салбарынхныг худалдаж авсан гэж хардахад хүргэж байгаа юм. “Хамаг муу ажлаа хийлгээд, эцэст нь золигт гаргалаа” хэмээн гомдоллох “мунзуй” Г.Нямдоржийн үгийг ч яагаад хэн ч хэрэгсэхгүй байна вэ?

Эрхэм гишүүн нэр холбогдож буйасуудлуудаархуулийн байгууллагад өөрийн хүсэлтээр шалгуулж байгаагаа мэдэгдсэн. Шүүх хэрхэн шийдэхээс наанадаж, хүний нутагт бүгж буй Б.Батзориг болон түүний гэр бүлийнхэн эх орондоо эргэн ирэх эсэх, цаанадаж, монгол түмэн төрөө “сахилгагүй жаал”-аар түшүүлэх эсэх асуудал шийдвэрлэгдэнэ. Мөн их хурлаа угтан, шинэчлэх тухай ам уралдан ярьсан МАН боловсон хүчний бодлогодоо үнэхээр шинэчлэл хийж чадах эсэх нь ч харагдах болно.

Ө.Энхтүвшин дарга намынхаа удаа дараагийн ялагдлыг эв нэгдэл суларсантай холбож тайлбарласан. Харин эв нэгдлийн сулралыг боловсон хүчний бодлогод алдаа завхрал гарснаас үүдэлтэй гэж үзжээ.

Тус намын удирдлагын зүгээс сүүлийн үеднамынхаа нэр хүндэд анхаарах болсны нэг илрэл нь Ц.Нямдорж гишүүний мэдэгдэл юм.Тэрбээр С.В.Паушокын ярилцлагатай холбогдуулан, сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Намын их хурлыг тохиолдуулан ийм ярилцлага түгээж байгаа нь манай намын нэр хүндийг гутаах гэсэн оролдлого, цаашилбал, улс орныг дотор нь хагаралдуулж, хожоо олох гэсэн хөндлөнгийн нөхдийн явуулга” хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ