Г.Болормаа: Гэр хороололд анх удаа цэцэрлэгт хүрээлэн барина

Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаатай ярилцлаа.

-Зуслангийн газар ойн сан, усны сав газарт байрлаж буй 4052 байршлын газрыг хууль бусаар олгосон учраас газрын эрхийг цуцлана гэж яригдаад байгаа. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Эрхийг нь цуцалсан асуудал байхгүй.Нийслэлийн хэмжээний газар олголт, тэр дундаа ой, усны тухай хууль зөрчиж газар олгосон зөрчлийг нь Засаг даргын орлогчоор ахлуусан ажлын хэсэг явж шалгасан. Илэрсэн зөрчлийг нь дүүрэг бүрээр нь тэмдэглээд нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Одоо ойн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ойн, усны тухай хууль зөрчиж олгосон газрыг шаардлагатай тохиолдолд цуцлах, хууль ёсны дагуу олгосон бол ямар үндэслэлээр олгосон тодруулгыг авч байна.

Ирсэн мэдээллүүдийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар болсон. Эхний ээлжинд бүгд хууль бус байна гээд эрхийг нь цуцлахгүй. Өмнө нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутай байсны дээр Байгаль орчны хуулийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж ийм байдалд хүрсэн учраас төрийн захиргааны байгууллагад ямар алдаа байна гэдгийг илрүүлэх ажил хийнэ. Харин үүнээс хойш хууль зөрчижгазар олгохгүй, ногоон байгаль орчноо хамгаалах талаар анхаарч ажиллана. Ер нь бол газар олголтыг хууль бусаар авсан бол цуцлах, албан тушаалтан, төрийн захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаа байвал засч залруулах гэж энэ ажлыг эхлүүлсэн.

-Нэгэнт иргэд мөнгөө төлөөд газар авч байшингаа барьчихсан тохиолдолдиргэд хохирох ёсгүй шүү дээ. Тэгэхээр хууль зөрчиж газар олгосон хүмүүстэй хариуцлагын тухай ярих байх?

-Хэргийн Улсын мөрдөх байцаах газар цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Хэрвээ албан тушаалтан буруутай гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулаад өөр ямар арга хэмжээ авч болох байна тэр арга хэмжээг авна. Үүний дараа нэгэнт олгогдсон газрыг яаж зөвөөр ашиглах, ногоон бүсэд байгаа гэдэг утгаар нь татвар авах ёстой эсэх, мөн байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр хэрхэн зөв шийдэлд хүрэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-БОНХЯ-аас жил бүрийн есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд байгаль хамгаалах сарын аяныг зохион байгуулдаг. Энэ жил ямар дүнтэй ажил хийсэн вэ?

-Байгаль хамгаалах аяны хүрээнд сургуулийн насны хүүхдүүдэд хичээл заасан. Мөн иргэдийн оролцуулсан булаг шандыг сэргээх ой дотор байгаа модонд зүүсэн хадгийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Энэ жил байгаль орчны боловсролыг дэмжих жил болсон. Ер нь хүмүүс мэдэж байгаа энэ жил ногоон байгууламж тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулаад БОНХЯ-ны дэргэдэх Байгаль орчныг дэмжих сан, нийслэлийн Боловсролын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтраад шилдэг тохижилттой цэцэрлэг сургуулийг шалгаруулж шагнасан.

-Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд “Ногоон нуурын бичил” цэцэрлэгт хүрээлэн барих нээлтийн ёслол болж шав тавилаа. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн онцлогийн талаар дурдахгүй юу?

-Нийслэл хот 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Энэ төлөвлөгөөнд 20 цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн байгаа. Тэдний нэг нь “Ногоон нуур”-ын цэцэрлэгт хүрээлэн юм. Ирэхжил дөрвөн бичил цэцэрлэгт хүрээлэнг долдугаар сар гэхэд ашиглалтанд оруулна. Энэ цэцэрлэгийн онцлог нь анх удаа гэр хороолол дунд баригдаж байгаа. Ер нь орчныг тохижуулаад ирэхээр тэнд амьдарч байгаа иргэний соёл хүртэл өөрчлөгдөнө. Тэнд байгалиасаа нууртай үүнийг ашиглаж иргэдийн амарч цугаалах, хүүхдийг аюулгүй тоглож наадах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

-Ер нь манай нийслэлд ногоон байгууламж тал дээр нэн тэргүүнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Ойн асуудал, хөрсний бохиролд нэн тэргүүнд тулгамдаж байна.Ойн асуудал дээр замбараагүй газар олголтын асуудлыг таслан зогсоох шаардлагатай. Нийслэлийн ой бол хамгаалалтын бүсийн ой юм. Энэ жоохон ой нийслэлийн агаарын бохирдол үүсэхийг багасгах чийгшилтийг тэнцвэржүүлж байгаа. Тийм учраас ойгоо нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн арван жилийн дараа усны хомсдолд орно гэж яригдаад байгаа. Энэ тал дээр судалгаа хийгээд нийслэлийн хэмжээнд байгаа бүх гүнийн худагны тооллогыг статистикын газартай хамтран явуулж байна. Энэ ажил одоо дуусах шатандаа орж байна. Хөрснөөс ашиглаж байгаа хэдэн худаг байна вэ, цаашдаа бодлогы хэмжээнд айл болгоны хашаанд гүний худаг байлгах тухай асуудлыг зөвшөөрөх үү гэдэг асуудлыг шалгаж байгаа юм.

-Денвер хотоос туршлага судалж байгаа гэсэн. Ногоон байгууламжыг хэрхэн бүрдүүлэх ёстой вэ. Энэ тал дээр өөр орнуудаас туршлага судалж байна уу?

-Денвер хотоос ногоон байгууламжын туршлага судалж байна. Ногоон байгууламж төлөвлөх, цэцэрлэгт хүрээлэн барих хөрсний бохирдолыг хэрхэн шийдэх тал дээр эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч уулзалт зохион байгуулаад дараа нь дэлхий дээр хамгийн их хөрсний бохирдолтой тэр дундаа нефтийн бохирдол, хог хаягдалаас үүссэнбохирдлын талаар Японы эрдэмтэн ирж сургалт зохион байгуулсан.

-Нийслэлчүүд маань бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ намар хичнээн мод шинээр тарьсан вэ?

-Өмнөх жилүүдэд байгууллага болгон дуртай газраа мод тарьдаг байсан энэ жил усалгаа арчилгаатай газар сонгож авч тариулсан байгаа. Хаврын мод тарилтыг байгууллагууд дүүрэг тус бүрийнхээарчилгаатай талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан. Намрын хувьд төв зам дагуу хуучин моднуудын нөхөн тарилтыг хийсэн. Энэ намрын тухайд 620 байгуулага оролцож 88 мянган сөөг тарьсан.

-Манайулсад модны хулгайн асуудал их байдаг. Саяхан гэхэд л нойтон мод ачиж яваад баригдсан. Модны хулгайтай хэрхэн тэмцэж байна вэ?

-Ер нь Улаанбаатарын ойр орчмоос мод бэлтгэх ёсгүй. Тиймээс хэрэглээгээ хангахын тулд бусад орон нутгаас мод бэлдэж байгаа. Тэгэхээр одоо нийслэлийн ойр орчмоос том машинаар мод бэлддэг асуудалд зогссон гэж хэлнэ. Гэвч нийслэлийн хэмжээнд жижиглэнгээр мод бэлтгэж байгаа асудлыг зогсоож чадахгүй байгаа. Энэ тал дээр манай байгаль хамгаалагчид 24 цагийн харуул хамгаалалттай ажиллаж мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн “Тэнгэр” модны захад хулгайн мод орж ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа мөн хариуцлагагүй ажилласан байгаль хамгаалагчыг ажлаас нь чөлөөлсөн.

Б.Анхтуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ