Хөрөнгөндөө хоргодсон сүнснээс болж "Халловен" үүсчээ

Өнөөдөр Халловены буюу Сүнсний баяр тохиож байна. Сүүлийн жилүүдэд энэ баярыг манайхан өргөн дэлгэр тэмдэглэх болсон.

Ирландаас гаралтай энэ баярын шөнө сүнснүүд цуглан, дэлхийгээр хэрэн хэсүүчилдэг хэмээн үздэг аж. Ингэхдээ сүнснүүд хоол гуйн явдаг бөгөөд айлууд ч тэдэнд зориулан гаднаа хоол гарган тавьдаг уламжлалтай болжээ.

Мөн хүмүүс олон сүнсэнд танигдахгүйн тулд өөрийгөө өнгөлөн далдалсан элдэв янзын баг, хувцас өмсдөг ажээ. "Сүнсний баяр"-ыг өдгөө дэлхийн олон оронд тэмдэглэдэг болсон. Уг баярын хамгийн том бэлгэдэл нь шар хулуу.

Хойд Америкт харамч, хахираараа алдартай Чарли гэгч нэгэн эр амьдарч байжээ. Тэрээр хүнд юу ч өгдөггүй, туйлын харамч нэгэн байв. Тиймээс нас барсных нь дараа сүнс нь эд хөрөнгөндөө хоргодон үлджээ.

Тэгээд аравдугаар сарын 31-нд нар жарган, бүрэнхий болох үед шар хулуу болон харагддаг болсон хэмээх домог яриа бий. Тиймээс айлууд түүний сүнсийг гэртээ ойртуулахгүйн тулд хамгийн том шар хулууг сонгон авч, дотор нь лаа асаан тавьдаг болсон гэнэ.

Үүнээс улбаалан хүүхдүүд элдвийн маск зүүж, айл амьтнаар хэсүүчлэн "Trick or treat" хэмээн хаалгыг нь тогшдог болжээ.

Энэ нь "Чихэр жимс өгөхгүй бол танд муу юм хийнэ шүү" гэсэн утгатай үг ажээ. Тиймээс айлууд хүүхдүүдэд амттан өгч, тэднийг баярлуулдаг гэнэ. Томчууд ч хүүхдүүдийг муу зүйл хийлгэхгүйн тулд амттан өгч "аргаддаг" уламжлалтай ажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ