Долларын ханш машины үнийг гэрлийн хурдаар өсгөжээ

Дахиад л машины үнэ өсчээ гэсэн шуурга дэгджээ. Айл бүхэн хүний тоогоор машинтай болох хүсэлтэй болсон одоо үед бид машины үнэ өсчээ гэхээс буулаа гэдэг үг сонсох нь ховорджээ.
Монголд зарагдаж буй машины үнэ өссөн тухай мессеж гадуур тархаж байна. Өсөх болсон шалтгаан нь өнөөх валютын ханшны өсөлттэй холбоотой."Да хүрээ” зах дээр эзнээ хүлээн зогсох шинэ хуучин төмөр хүлгүүдийн үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 500 мянгаас 2 сая төгрөгөөр өссөн байна. "Да хүрээ" зах дээр зарагдаж байгаа бүх төрлийн машинууд моторынхоо багтаамжаас хамаараад ийнхүү үнэ нь өөр өөр өсчээ.
Яг өнөөдрийн байдлаар доллар 1,719.03, Юань 282.07, Вон 1.62, Евро 2,362.29, Фунт 2,757.50, Рубль 53.64, Иень 17.49 гэсэн ханштай байна. Толгой дараалан өсч буй валютын ханшны өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд авто машин, байр орон сууцанд хүртэл нөлөөлсөн нь энэ аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зарагдаж буй авто машины үнэ өмнөх аравдугаар сарынхаас шууд хоёр саяар дээшилсэн нь татвар, хуулиндаа байнгын өөрчлөлт оруулдаг манай улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотойг ченжүүд нуулгүй өгүүлж байна.
Машины ченжүүд иенээр машинаа авч, доллароор татвараа төлдөг учраас нэмэхээс өөр ямар ч арга байхгүй гэж хэлж байна. Харин Монголд явж байсан машины үнэнд одоохондоо хэт өөрчлөлт ороогүй байна.
“Да хүрээ”-гээр машины үнэ сонирхлоо. Ажлын өдөр болоод ч тэр үү олон хүнгүй байлаа. Машины ченжүүд ид ажлаа хийж байна. Машин сонирхогчдыг уриалан дуудаж өнгө үзэмжээрээ ялгарахын тулд зарж буй машинаа зүлгэж зогсоно. Мэдээж тэд машинаа борлуулахын тулд аль сайхан, боломжтой бүхнээ үзүүлж рекламдана. Машины хувьд өнгө үзэмжээс илүү хамгийн чухал нь үйлдвэрлэсэн болон Монголд оруулж ирсэн он, “гүйсэн” километр. “Да хүрээ” захад 1994-2010 оны машинууд янз янзаараа л байна .Он залуу байх тусмаа үнэ нь өндөр. Бага зам туулсан, өнгө үзэмж, хурд хүч нь илүү байдаг болохоор арга ч үгүй биз.
Дөнгөж хоёр гуравхан сарын өмнө “Prius-10” зургаан сая 700 мянган төгрөгний үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр 8 сая гээд ченжүүд “хөдлөхгүй” байлаа. Ингээд 1,3 сая төгрөгөөр нэмэгдчихэж байгаа нь энэ.
Машины ченж Э.Ганхуяг: Монголын ард түмэн өрний уурхай болж байна
-Машины үнэ огцом нэмэгдсэн гэж сонсоод, бодит байдлыг сурвалжлахаар явж байна?
-Долларын үнэ сүүлийн хоёр гурван сар огцом өсчихлөө. Биднээс гаалийн татвараа доллараар авдаг болохоор машины үнээ нэмэхээс өөр арга алга даа. Сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд л ингээд нэмэгдчихлээ.
-Яг бодит байдал дээр монгол мөнгөөр хэдэн төгрөгөөр нэмэгдээд байгаа вэ?
-Хамгийн багадаа 500-аар өссөн. Орж ирсэн, үйлдвэрлэсэн он, өнгө загвар, моторын багтаамж гэх мэтээсээ болоод үнэ нь өөр өөр байна. Томроод, моторын багтаамж нь 2,0-оос дээшээ нэмэгдэх тусам үнэн нь илүү өсч байна. Зарим том тэрэгнүүд хоёр сая төгрөгөөр ч нэмэгдсэн байгаа.
-Худалдан авагчдын чадвар хэр байна?
-Энэ валютын өсөлт явж явж ард түмний амьдралд л их хүндээр тусч байна. Хүн бүр л хөл дүүжлэх унаатай болчих юмсан гэж бодож байгаа. Тэгээд үнэ нь өдөр ирэх тусам л өсөөд байдаг. Аргагүйн эрхэнд авч л байна даа. Ер нь бэлэн мөнгөөр машин авдаг хүн ховор. Дандаа лизингддэг. Ингээд л монголын ард түмэн өрний уурхай болж амьдарч байна.
-Машины борлуулалт хэдий үед илүү сайжирдаг вэ?
-Хавар хүмүүс машин их сонирхдог. Одоо бол машины борлуулалт зогсонги байдалтай байна. Нэгэнт авчихсан машин болохоор ченжүүд бид зарж мөнгөө гаргаж авах гээд л зогсох юм даа. Хааяа ликингээр л ганц нэг машин зарж байна.
-Ченжүүд нэг машинаас хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?
-Гайгүй шүү. Хамгийн багадаа 500 мянган төгрөгийн ашигтай.
-Монголд явж байсан машины үнэн ямар байна?
-Ер нь өсөх хандлагатай байгаа. Мэдээж машинаа хямдхан зараад, орж ирсэн үнэтэй машин авах бодол ямар ч хүнд байхгүй. Аль болох ханшаа өсгөөд л зарахыг хичээнэ. Ер нь долларын ханш буурахгүй бол машины үнэ ч буурахгүй.
- Хаанаас оруулж ирж байгаа машин илүү үнэтэй байгаа вэ?
-Японы машин илүү эрэлт хэрэгцээтэй байгаа.
«Да хүрээ» авто машины зах дээр зарахаар сойгдсон «төмөр хүлэг»-үүдийн дийлэнх нь гоё чамин жижиг тэрэгнүүд байна. Даанч үнэ нь тэнгэрт хадчихсан. Харахын заяа байвч хазахын заяа алга гэдэг шиг л зүйл тэнд болж байна. "Мөнгө байвал яриа байна" гэсээр ченжүүд хөнгөн тэрэгнийхээ чанар бас давуу талыг нь нэг амьсгаагаар дуржигнуулсаар.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ