Сүнс нь өндөг хэлбэр, жинтэй, оюунлаг гэрлэн биет

Нүүрээ этгээдээр эрээлж, элдэв хувцас өмссөн охид, хөвгүүд өчигдрөөс гудамжаар холхиж эхэллээ. Сүнсний гэх баяр угтаж байгаа юм байх. Сонирхвол, манайд энэхүү баярыг тэмдэглээд бас ч гэж багагүй хугацаа өнгөрчээ. Бид/бараг би/ л анзаараагүй бололтой. Тэгвэл тэр юун тухай баяр болохыг гүехэн мэдлэг, бас бус зүйлийг хольж хутгаад тайлбарлахыг оролдъё. “Halloween” буюу сүнсний баярыг өнөөдөр дэлхий даяар тэмдэглэж буй. Уг нь ургац хураалтын баяр байсан юм билээ. Эртний Ромд тэмдэглэдэг байжээ. Ургацаа хураачихаад “Помона” гэдэг баяр хийдэг байж.

Багцаагаар хүн төрөлхтөн 6000 жилийн тэртэйгээс тэмдэглэсэн агаад Америкад 1800 оны үеэс ургац хураалтын шувтаргаар ёслодог болжээ. Элдвээр гоёсон хүмүүс зоогийн чамин ширээ засан, онигоо, хошин шог ярьцгаан баярладаг байж. Нэг ёсондоо ургац хураалтын ажлаа дуусч алжаалаа тайлдаг гэсэн үг. Яваандаа янз бүрийн бэлгэдэл дагуулах болсон гэдэг. Хэрэв энэ үеэр аалз харагдвал хэн нэгний сүнс таныг дагав гэх. Англичууд тэр үеэр цагаан муурт дургүй бол америкчууд хар муурыг харин ч аз гэх жишээний. Ингээд утга агуулга нь хүссэн, хүсээгүй сүнс, сүлд рүү шилжчихэж.

Сүнс гэж юу байдгийг бараг мэдэхгүй шахам байж шүү. Одоо бол өөр л дөө. Гэхдээ сүнс гэж ер нь юу болохыг энэ удаа товч хийгээд тодорхой тайлбарлах нь зөв байх. Тэгээд баяраа хийвэл сая зүйд нийцэх биз ээ. Хүн төрөлхтөн үүссэн цагаас бараг энэ ойлголт бий болсон байх. Аль ч соёл иргэншлийн үед байсан, байгаа, цаашид ч байх үзэгдэл юм. Шашин, шинжлэх ухаан хоёр маргасаар өнгөрсөн зууны 80-аад онд учраа олсон билээ. Буддын гүн ухаан тэр талаар хамгийн өндөр амжилт олсон салбар гэхэд болно. Тэд сүнс нь гэрлэн чанартай, бодит зүйл гэж сургадаг. Амьтай болгон сүнстэй. Сүнстэй аваас амьд, үгүй болбоос үхсэн хэмээнэ гэжээ.

Өрнөдийн шинжлэх ухаан хэсэгтээ л сүнсийг хүлээн зөвшөөрөөгүй байв. Адтай америкчууд энэ тал дээр хамгийн түрүүнд амжилт гаргасан юм. Наяад оны дундуур Америкийн судлаачид клиник үхэлд орсон хүмүүсийг тусгай багажаар ажиглажээ. Ингээд тун санамсаргүй үр дүнд хүрчээ. Тэдний ажигласнаар амьсгал хураасан хүнээс/биеэс нь/ өндөг хэлбэртэй, 0.0065 милограмм жинтэй, 5000 киловат хүчин чадалтай, оюунлаг гэрлэн биет асар хурдтай нисэн одож байжээ. Үүнийг сүнс гэхээс өөр юу гэх билээ.

Буддын хийгээд дорнын гүн ухаан, тэр дундаа монголчуудынхаар сүнс биеийн хаана л бол хаана байрладаг гэжээ. Бүр нарийвчилбал, тухайн сарын тухайн өдрийн тэр цагт тэнд оршино гэх зэргээр заасан нь ч буй. Сүнсний үрээр хүний биеэс 10 орчим метрт солонгын долоон өнгийн гэрэл цацарч байдаг бөгөөд түүнийг биеийн амин бүрхүүл гэдэг ажээ. Эзнээ хамгаалж байдаг гэж ойлгож болно. Озоны бүрхүүл дэлхийг нарны хорт туяанаас хамгаалдагтай адилтгаж болох. Хүн нас барахаар биед байх аргагүй болж, үтэр гарч оддогийг ч дээрх хоёр ухаан/буддын гүн ухаан, шинжлэхүй ухаан/ нэгэнт нотолсон зүйл.

Өмнө өгүүлсэнчлэн 5000 киловат хүчин чадалтай эд юу л бол юуг нэвтлэн одох нь мэдээж. Бидний мэддэг бетон хана, төмөр, чулуутай ярилтгүй. Тэгээд огторгуйд орших есөн давхаргын чинад оддог амуу. Тэндээ 10-100 мянган жил амьдармой ч гэжээ. Хэр гэгээрснээсээ болоод огт эгэхгүй, эсхүл дээрх жилийн дотор, заримдаа төдөлгүй эргэж төрөх мэтээр ээлжилдгийг ч хэлжээ. Харин бохир, муу сүнс зорисон газраа хүрэлгүй, хүний хорвоод тэнүүчлэхийг тамд очих, буг чөтгөр болох гэдэг юм байна. Сүнсний талаар яриад байвал барагдахгүй л дээ. Ингэсхийгээд товчилъё.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ