"Ш.Батхүүгийн өрийг Засгийн газраас нэхээгүй"

"Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Тэгвэл тус хэргийн талаар Х.Тэмүүжин сайд хэлэхдээ "Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна.

Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол Эрдэнэт-ийн Ж.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Гэхдээ одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна" гэв. Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Ш.Батхүүг яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ, олон зүйл яриад байгаа?

-Улсад онц их хэмжээний мөнгөний хохирол учруулсан байж магадгүй гэсэн үндэслэлээр Ш.Батхүүд гэгч хүнийг Улсын мөрдөн байцаах газарт цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байгаа.

-Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл нь юу вэ?

-Мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй учир таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлэн шалгаж байна.

-Өмнөд Африкийн "Стандарт" гэх банкнаас Ш.Батхүүгийн тавьсан өр болох 140 гаруй сая долларыг манай Засгийн газраас нэхэмжилж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ их мөнгийг Монгол Улсын засгийн газраас нэхэмжилсэн гэсэн бичиг ирсэн нь худал. Ор үндэсгүй мэдээлэл. Мөрдөн байцаах газар дээр Ш.Батхүү гэдэг хүний "Стандарт"банкнаас 140 гаруй сая доллар нэхэж байна гэсэн нэхэмжлэл ирээгүй. Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй гэж шалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ