О.Магнай төсвийн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлэхгүй байх уриалга гаргалаа

Ямар нэгэн тэмдэглэлт баяр, ой арга хэмжээний үеэр төрийн байгууллагын дарга удирдлагууд сонин сэтгүүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө зураг хөрөгтэй нүүр дүүрэн мэндчилгээ явуулдаг уламжлал тогтсоор багагүй цаг хугацааг үдэж байгаа.
Тэр ч бүү хэл сонин хэвлэлийн аль л өнгөтэй өөдтэй гэсэн зай талбайд үнэ хайрлахгүйгээр гарах сонирхол эрхэм улс төрчид, дарга нарт байдаг. Уг мэндчилгээ гэх утгагүй зүйлд өнгөрсөн нэг жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,000,000,000 гаруй төгрөг зарцуулдагдсан тухай мэдээлэл байдаг.
Тиймээс 2014 оны төсөв хэлэлцэгдэж байгаа болон хэмнэлтийн талаар ярьж байгаа энэ цаг үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сайд, гишүүд, төрийн байгууллагын дарга удирдлагуудад татвар төлөгчдийн мөнгөнөөс мэндчилгээ гэх утгагүй зүйлд мөнгө зарцуулахгүй байхыг уриаллаа.
Харин тухайн байгууллага хийсэн бүтээснээ тайлагнах, хийх ажлаа олон нийтэд мэдүүлэхийн төлөө хийж байгаа ажил бол дээрх мэндчилгээнээс огт өөр зүйл шүү гэдгийг тэрээр онцолж байсан юм.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ