Кембрижийн боловсролоос өмнө замын хөдөлгөөний хичээл заавал яасан юм

Сэтгүүлч би энэ удаа зам тээврийн осол гэмтлийн талаар ярихыг хүсэв. Тэр дундаа дэгэж дэрвэж яваа бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд минь аравхан хэдэн насандаа зам тээврийг ослоор хорвоог орхиж байгаа талаар хөндмөөр санагдлаа. Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас, жолоочийн хариуцлагагүйгээс, согтуугаас болж хүүхэд мөргөж амийг нь хөнөөжээ, гэмтээжээ гэх мэт мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болов.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хэтэрхий бүдүүлэг, бие биенийгээ хүндлэхгүй улайрсан бух мэт зүтгэж “урдуураа улаан хөлт гишгүүлэхгүй” дуут дохиогоо даран хурдлах нь осол гарах гол шалтгаан болдог болж.

Өнгөрсөн жил л гэхэд улсын хэмжээнд гарсан зам тээврийн ослын 94.9 хувь нь жолоочийн буруугаас болж гарчээ. Энэ нь юуг өгүүлж байна вэ?. Хурд хэтрүүлсэн болон архи согтууруулахундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, уусан ганц хар усныхаа ааг омгийг машин барьж байхдаа гаргаж аваар, осол хийх нь элбэг мунхаг хүмүүс монголоор нэг байгааг өгүүлж байгаа юм. Ходоодонд орсон тэр хор, хурд хэтрүүлсний чинь төлөөс болж таны амьдрал нэг л өдөр дуусна.Харин үүний хохирогч нь монголын минь ирээдүй болсон хүүхдүүдийн амьдрал байх нь даанч харамсалтай.

Монголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж,шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр. Жил гаруйн өмнө л гэхэд сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүгсогтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж байсан ноцтой хэрэг.

Мэдээж, хичнээн төлбөр тавьж, шийтгэсэн ч хөөрхий хүү босож ирэхээс нэгэнт өнгөрсөн. Жаал хүү өсч том болоод гэр бүлийнхэндээ ямар их өмөг түшиг болох байсан, ямар их баяр баясгалан авчрах байсныг, улс эх орныхоо төлөө, магад бүр хүн төрөлхтөний тусын тулд хичнээн чухал зүйл хийж бүтээх байсныг бид хэзээ ч харахгүй, сонсохгүй, мэдэхгүй.

Гэвч түүнд тохиолдсон эмгэнэлт явдлыг бусдад мартагдашгүй сургамж болгохын тулд, Монголын олон мянган алаг үрсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд шударга ёсыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтнийг шийтгэхийг бид бүгдээрээ шаардвал зохистой. Эс бөгөөс маргааш таны, миний хүүхэд эсвэл бид өөрсдөө золиослогдохгүй, амь насаараа хохирохгүй гэх баталгаа алга. Замын гарц, ногоон гэрлээр гараад ч тус болох нь бага болжээ. Согтуу жолооч хүүг дайрч амь насыг нь хороосноор ээжийнх нь зүрхийг мөнхөд шархлуулж, гэр бүлийнхнийг нь өнчрүүлж, уй гашууд автуулаад зогсоогүй. Тэр жолооч Бархас хүүгийнөсч том болоод мундаг гоё мэргэжилтэй, эх орондоо хэрэгтэй том хүн болох мөрөөдлийг “алсан” юм.

Зам тээврийн осол. Өдөр ирэх тусам өхөөрдөм хөөрхөн үрс минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна.Авто замын осолд өртсөн хүүдүүдийн ихэнх ньзамын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйн улмаас осолд өртдөг. Хүүхдүүдэд замын хөдөлгөөний талаарх хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулмаар санагдана. БСШУЯ Кембрижийн боловсролын системийг хэрэгжүүлнэ гэж байхаар эхлээд замын хөдөлгөөний талаарх хичээлийг хэрэгжүүлж үр хойч үе болох хүүхдүүдээ эрүүл саруул байлгах тал дээр анхаармаар санагдана.

Хүүхэд 18 нас хүртлээ эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид гэх мэт томчуудын анхаарал дор байх ёстой. Гэтэл энэ хүмүүсийн анхаарал болгоомжгүй, хайнга байдлаас болж өдөрт 3-4 хүүхэд автын осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ талаар харамсалтай мэдээ сэрэмжлүүлгийг телевиз, радио, сонин хэвлэлээр мэдээлдэг боловч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Чухам яагаад осол хэрэг буурахгүй, анхааруулга сэрэмжлүүлэг үр дүнд хүрэхгүй байна вэ? Учир нь бидний хүүхэддээ тавьж буй анхаарал халамж сулаас болж байна гэж үзэхээс өөр аргагүй. Хүүхдээ хөтлөөд гарцгүй газраар зам гарч байгаа аав ээж олон. Ингэснээр хүүхдийнхээ ирээдүйг алж байна гэдгээ ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр осолд орохгүй байж болно. Харин хүүхэд чинь ногоон гэрлээр гарахгүй байж болдог юм гэсэн ойлголтыг авна. Хүүхэд том хүнийг, ялангуяа эцэг эхийгээ даган дуурайдаг нь бичигдээгүй хууль.

Хүүхдүүд авто осолд өртөж, бусдад дээрэлхүүлж, харанхуй гудамжинд нохойд зуулгаж, хүчирхийлэлд автаж, гэмт хэргийн золиос болж, хүнд хөдөлмөр эрхэлж байгаа олон жишээ баримт бий. Айдас хүргэм олон тоо баримт сөхөн тавихаас ч яг үнэндээ дургүй хүрч байна. Хамгийн гол нь төр засаг нь хүүхдийн асуудалд онцгойлон анхаардаг, аюулгүй байдлыг нь бүрдүүлдэг, аав ээж нь хариуцлагаа ухамсарладаг, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг бол айдас төрүүлэм тоо цөөрч, байхгүй болох нь дамжиггүй.Та биднийг унтаад сэрэх зуур, ажлаа хийж байх үед, гэртээ харих замд, өч төчнөөн хормуудын аль нэгэнд хүүхдүүд хохирогч болсон олон жишээг мэргэжлийн байгууллагууд гаргасаар байна. Болзошгүй эрсдэл дунд хүүхдүүд амьдарч, сурч, өсөн торниж байна. Хүн амын 30 гаруй хувийг эзэлдэг хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамтдаа аваръя. Үүнд таны, миний, бүх хүний хамтын оролцоо чухал. Та бүхэн дор бүрнээ нэгийг тунгаасан биз ээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ