Спиртийн үйлдвэрт гал гарах шахжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн ес, аврах ажиллагааны хоёр дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х3 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дотор талд буйдан ор шатаж байсныг унтраасан байна. Гал түймэрт 42 настай, эрэгтэй хүний бие 60-70 хувийн түлэгдсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд спиртийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлагыг 12:35 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 80 тонны багтаамжтай босоо агуулахад /50 тонн түүхий спирт байсан/ технологийн горим алдагдснаас сав халсан, цүлхийсэн байсан тул хөргөлт хийж хэвийн горимд оруулан ажилласан байна.

Дуудлагын газарт НОБГ-ын орлогч Гал унтраах хэлтсийн дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, СХДОБХ-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар болон жижүүрийн бүрэлдэхүүн ажилласан. Хамгаалалтад Аврах гал унтраах 18 дугаар анги үүрэг гүйцэтгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ