Авлига авсан цагдаа нар давж заалдлаа


Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчтд өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхээс ял оноосон. Тодруулбал, У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн л тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, гурван жил таван сар, Т.Ууганбаярт гурван жил таван сарын ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдуулсан. Харин эл хэрэгт шүүгдсэн ганц эмэгтэй буюу Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм. Тэгвэл тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр хүлээн авчээ. Удахгүй хэрэгт шүүгч томилж, гомдлыг хэлэлцэх хурлыг товлох юм.
Хэргийг сануулбал, У.Раднаабазар нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ