Монголын нүүрс урагшаа гол, мөрөн мэт урсах нь ээ

Ийм үйл явдал бидний цаг үед тохиох тавилантай байжээ. Түүний амьд гэрч нь бид гэхээр нэг талаар бахархалтай ч, нөгөөтэйгүүр эмгэнэлтэй мэт санагдана. Сайн юмны гэрч болох сайхан л даа. Харин саар зүйлийн гэрч болохыг хэн хүсэх билээ. Түүхэнд мөнхөртлөө хараалгана гэдэг тийм ч хүсэх юм биш. Сайн эсхүл саарыг даанч мэдэхгүй юм даа. “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гэж цөлх монголчууд зүгээр ч нэг хэлээгүй байх.
Бодит байдлыг нэг харцгаая л даа. Яг энэ эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаас ирээд ам алдсан үгийг нь одоо хүргье. Тэрбээр, тун нухацтайгаар “Ирэх 20 жилд урагшаа тэрбум тонн нүүрс гаргаж, 50 тэрбум төгрөгийн ашиг олно” гэв. Жирийн нэгэн биш болохоор түүнд багцаа байгаа нь мэдээж. Коксжих нүүрс нэг тонн нь дэлхийн зах зээл дээр өнөөдөр 50 ам.доллар байна гэнэ билээ.
Цаашид яаж ч магад. За үүнийг орхиё. Ерөнхий сайдын хэлсэн үгийг тунгаавал манай нүүрс урагшаа ёстой л гол, мөрөн мэт урсах нь ээ. Тийм нөхцөл ч бүрдэж байгаа нь тодорхой болов. БНХАУ-ын тал манай өмнөд хил дээр, бүр нарийвчилбал, Өмнөговийн Шивээхүрэнд нүүрс зөөх конвейроо зоожээ. Гүйцэтгэх компани нь “Winsway” ажээ. Тэрхүү конвейр гэгч нь нүүрс тээвэрлэхэд зориулсан 50 километр урт туузан дамжуулагч юм.
Та намрын ургац хураалтад явж үзсэн бол санана даа. Ядаж л намар тариан талбайгаар явж байсан бол гадарлах ёстой. Улаанбуудайг урсгаж өгдөг конвейр байдаг шүү дээ. Хэдэн өдөр олуулаа хүрздэх буудайг хэдхэн минутад хамчихдаг юм. Оросын ихээхэн бүдүүлэг техник ингэж байхад орчин цагийн, тэр дундаа ийм юманд адтай Хятадын “машин” яах нь тодорхой.
Хятадын компани ажлынхаа 90 хувийг амжуулснаа их л баяртайгаар мэдэгдэв. Үлдсэнийг нь хэдхэн хоногт, бараг цагт хийчих байх. Конвейр ажиллаа л бол холоос харахад манай нүүрс Хэрлэн гол голдиролоо өөрчлөн урсана уу гэлтэй “мэлтэлзэх”биз ээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хянаж чадвал аюулгүй” гэх ухааны юм ярьжээ. Хянаж чадвал гэж юу ярина вэ. Хянаж эс чадвал яах юм бол оо. Асуудал ч ийхүү хөврөөд, бид харж алмайраад л байж байх нь дээ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ