Гаалийн ажилтны хүү удаа дараа хар тамхи зөөвөрлөжээ

Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Хилийн тагнуулын алба, Гаалийн Ерөнхий газар хамтран хяналт шалгалт явуулж, энэ сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи оруулахаар завдсан Монгол Улсын иргэн Б-г илрүүлэн шалгаж байгаа талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газрын ажилтны хүү Б гэгч нь “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодис оруулахыг завдсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэрээр хар тамхи зарж, борлуулж, зөөвөрлөдөг байсан гэх. Мөн хил дамнуулан мансууруулах бодис худалдаалдаг томоохон сүлжээ бүхий бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэв. Тэрээр өөрөө ч мөрдөн байцаалтын явцад БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар хот руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс түүний мэдүүлгийн дагуу хэнээс авсан, Улаанбаатар хотод хэнд өгөх гэж байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Б нь байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байжээ. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан аж.

Харин УМБГ, ЭЦГ, Хилийн тагнуулын алба гэх гурван газартай хамтарсан шалгалтаар яалт ч үгүй баригдсан нь энэ юм байна. Учир нь энэ шалгалтыг Гаалийн Ерөнхий газраас гадна гурван газар хамтран хийсэн тул ийнхүү мултарч чадалгүй баригджээ.

Хэргийг харьяаллын дагуу УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус зүйл ангид хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Түүний үйлдсэн хэрэг онц ноцтойд хамаарах бөгөөд энэ төрлийн хэрэгт холбогдогчдыг шууд цагдан хорьдог. Гэтэл өнөөдрийн байдлаар Б-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа аж. Учир нь таслан сэргийлэх арга хэмжээг авах хүсэлтийг шүүхэд хүргүүлэх ёстой прокурорын байгууллагаас таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй хэмээн мэдэгджээ. Энэ дагуу тэрээр гадуур байцаагдаж байна.

Түүний ээж Гаалийн Ерөнхий газартаа "Төмөр хатагтай" хочоороо алдаршсан ихэд шулуун шударга, ажилдаа сайн нэгэн гэнэ. Харин аав нь бурхан болсон бөгөөд цагдаагийн байгууллагад насаараа ажилласан томоохон албан тушаалтан байжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ