С.Төмөрхүү: 1,2 тэрбумаар “гараа угаагаагүй”

Өнөөдөр 1,2 тэрбум төгрөг хэрэглэгчдийн тогны мөнгөнөөс шамшигдуулсан гэгдээд байгаа УБЦТС компанийнхан хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УБЦТС компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс хэдэн зүйл тодруулав.

-ШӨХТГ-аас танайд шалгалт хийгээд 10 сая төгрөгний торгууль ногдуулсан гэсэн зүйл яриад байгаа?

-Өнгөрсөн онд засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас шалгалт орсон. Батсуурь гэж улсын байцаагч шалгалт хийсэн. Та бүхэн тэр хүнээс асууж болно. Хамгийн харамсалтай нь энэ мэдээллийг мушгин гуйвуулж, компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Манай компанид ямар ч торгууль ногдуулаагүй. Тодорхой хэмжээний зөрчил илэрсэн. Тэр зөрчлийг арилгаж, сануулга авсан. Бас эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэх асуудал дээр зөвлөмж авсан. Тэрний дагуу гэрээгээ ч шинэчилсэн.

-Тэгээд зориудаар нэр хүндэд халдсан гээд яагаад хандах газар нь хандахгүй, чимээгүй яваад байсан юм?

-Бид энэ хүмүүсийг ярьж байгаа зүйлийнхээ үнэн мөнийг өөрсдөө олж тайлбарлах болов уу гэж харж ирсэн. Гэвч үр дүн харагдахгүй байсан учраас бид компанийн нэр төрөө цэвэрлэх гэж энэ хурлыг хийж байна.

-Танай компанийг 1,2 тэрбум төгрөг хэрэглэгчдийн тогны мөнгөнөөс зувчуулсан гэж ярьж, бичээд байна, энэ асуудал дээр тайлбар авъя?

-Шалгаагүй байж шалгасан гэж хэлээд худлаа мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг гайхаад байгаа. Хэрвээ үнэхээр 1,2 тэрбум төгрөгөөр гараа угаачихсан байсан юм бол түүнийг өдий болтол нууц явсан болж таарах гээд байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос ийм худлаа мэдээлэл тараагаад байна. Энэ асуудлыг ярьж багаа хүмүүсээс нь та бүхэн мэдээлэл авсан дээр байх. Бидний зүгээс худлаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлж байна.

-Тоолуурын баталгаажуулах хугацаа нь ямар байх ёстой юм бэ?

-Цахилгаан эрчим хүчний тоолуурыг шалгадаг, баталдаг, хянадаг хуулиар тогтоосон хугацаатай. Электрон тоолуурыг найман жилд нэг, механик тоолуурыг гурван жил тутамд нэг баталгаажуулдаг. Хэрвээ хэрэглэгч хүсээд, манай тоолуур нэг л биш тоолоод байна гэж үзвэл хугацаанаас нь өмнө бас баталгаажуулах боломжтой. Тэрнээс биш манайхан жил бүр айлуудаар яваад, тоолуурыг нь баталгаажуулах нэрээр элдэв мөнгө төгрөгний будлиан хийгээд байгаа зүйл ёстой байхгүй.

-Өнөөдөр тогны мөнгөнөөс өөр хэрэглэгчдээс танай компани ямар төлбөр тооцоо, шимтгэл авч байгаа вэ?

-Тогны мөнгөнөөс гадна хэрэглэгч өөрөө хүсвэл нэмэлт үйлчилгээ авч болно. Үүний төлбөр гэж нэмэгдэж гарч байгаа.

-Төлбөрт үйлчилгээ гэхээрээ ямар үйлчилгээ байх вэ?

-Тухайлбал сэтгүүлч та гэртээ разетка солиулах гэсэн юм аа гээд хандвал манай хүмүүс очоод сольж өнөөд, тэр үйлчилгээндээ тохирсон төлбөрөө авдаг. Энэ төлбөрт үйлчилгээний тариф нь манай компанийн сайтад байдаг.

-Хэрэглэгчдийн тогийг урьдчилан мэдэгдэхгүйгээр таслаад хаячихдаг гэсэн гомдол иргэдээс их ирдэ шүү дээ?

-Хэрэглэгчдийн тог хоёр шалтгаанаар тасарч байгаа. Нэгдүгээрт аваар гэмтэл гараад тасардаг. Нөгөө нь хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээнийхээ дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд манай компаниас тогийг нь хязгаарладаг. Сүүлийн тохиолдолд манай компани тогны мөнгөө хугацаанд нь төлнө үү гэсэн мессежийг хэрэглэгчдийн гар утас руу явуулдаг. Энэ нь сануулга болж байгаа юм. Зарим тохиолдолд хэрэглэгч хэрвээ манайд мөнгөө төлчихөөд тэр үйлчилгээг авч чадаагүй бол дараа сарын төлбөр дээр тооцоод, хасаад өгдөг. Илүү төлбөр авах ямар ч шалтгаан байхгүй.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ