Д.Дагвадоржийн гомдлоор хэргийг шалгаж байна

Өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн цэнгээний газар зодоон болж, дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн албан хаагчид “VLVT” шөнийн цэнгээний газар очиход бусдын биед хүйтэн мэсээр хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан. Эх сурвалжуудын мэдээлснээр тус зодооны хохирогч Их аварга Д.Дагвадорж байсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэлээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоох бааранд Асашеорюү Дагвадоржтой холбоотой зодоон болсон гэсэн мэдээлэл байгаа, ийм хэрэг болсон уу?

-Энэ мэдээллийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Д.Дагвадорж гэх Монгол Улсын иргэнтэй холбоотой гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

-Цагдаагийн албан хаагчид дуудлагын дагуу газар дээр нь очиж ажилласан гэсэн үү?

-Иргэдийн дуудлагын дагуу газар дээр нь очсон. Баталгаатай, нотолгоотой, бүх зүйлийг баримтжуулсаны дараа шалгалт дууслаа гээд манайхаас прокурорын байгууллагад шилжүүлдэг. Прокурорын байгууллага хянаад зөв шалгасан тохиолдолд шүүх рүү шилжүүлдэг журамтай. Тийм болохоор энэ хэргийг тийм хугацаанд шалгаж дуусна гэсэн заалт байхгүй.

-Дагвадорж аваргын биед гэмтэл учруулсан Дөлгөөн гэж хүн эрүү үүсгэсэн гэж үнэн үү?

-Гомдол гаргасан иргэн Д.Дагвадоржийн биед гэмтэл учирсан байна уу, гэмтлийн зэрэг нь ямар байгааг Шүүх эмнэлгийн шинжээчид томилогдон ажиллаж байна. Түүнээс шалтгаалж эрүү үүсгэх, үүсгэхгүйг шийднэ. Одоо шалгалтын явц үргэлжилж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ