Хоригдлуудын ялыг хүндрүүлнэ

Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 457 дугаар ангид ял эдэлж байсан Ц.Батбаяр, А.Отгонбаяр, Х.Мягмаржав нар хорих ангийн хамгаалалтын хашааг давж оргон зайлсан хэрэг гарч байсан юм. Тэгвэл тэдэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо эдэлж буй ялыг нь хүндрүүлэхээр болжээ.

 Сануулахад, ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангиас гурван хоригдол өнгөрсөн сарын 18-нд оргосон. Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсэг гарч хоригдлуудыг эрэн сурвалжилсаар, энэ сарын 1-нд ялтан Х.Мягмаржавыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас, 6-нд А.Отгонбаярыг аймгийн ойролцоох Ямаат улаан уулын орчмоос баривчилсан юм.

Харин хоригдол Ц.Батбаярыг барьж чадаагүй байсан бөгөөд иргэдийн өгсөн мэдээллийн дагуу уржигдар 14.00 цагийн орчимд цагдаагийн ажилтнууд аймгаас 30 орчим км-ын зайд байдаг Буянт сумын Тавын газар хэмээх газарт байхад нь баривчилж байсан юм.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ