“Нарангийн гол”-ын хүүхдүүдийн “нар нь гарчээ"

Сэтгүүлч би сар гаруйн өмнө Шар хадны эмнэлгийн хашаанд байх ямбий саравчинд хүүхдүүд цуглаж, тоглож, наадаж наргиж байгаа нь өрөвдөлтэй байгаа талаар бичиж байсан. Харин өнөөдөр нэг сайхан гэгээлэг зүйл бичмээр санагдлаа.
Учир нь өчигдөрхөн эгчийнх рүүгээ зочлохоор “Нарангийн гол”-ыг зорилоо. “Нарангийн гол” гэдгийг нэг их нар туссан, том гол гэж эндүүрэв зээ. Ийм гоё нэртэй, Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороо орчмын нутаг, эгэл жирийн гэр хороолол юм шүү.
Эцсийн буудал нь хөл хөдөлгөөн ихтэй байлаа.Гэр хорооллын хамгийн эцсийн буудалд амьдарч байгаа иргэдийн хамгийн тансаг унаа мэдээж автобус. Микрог бодвол 100 төгрөг дутуу. Эцсийн буудлаас сууж байгаа учраас суудалтай. Энэ болтэр чигээрээ давуу тал. Харин арай илүү орлоготой хүмүүс нь микронд сууж, хотын төв рүү уралдан одох нь амьдралын их урсгал.Эцсийн буудал гэдэг утгаараа тэнд 10 гаруй микро автобус, 3-4 том оврын автобус байнга шахан зогсох юм билээ. Дээрээс нь эргэн тойронд нь 3-4 дэлгүүр, ганц хоёр цайны газар,мод, нүүрс зарж байгаа хүмүүс гээд тэр хавьдаа л хөд хөдөлгөөн ихтэй.
Харин эцсийн буудлаасаа хотын төв рүү явах зам дагуу гурван буудлын зайд “Цэнхэр дэлгүүр” гэх нэртэй автобусны зогсоол байна. Гэтэл тэнд сүрлэг сайхан хүүхдийн тоглоомын талбай сүндэрлэжээ. Буцах замдаа анзаардаг байна шүү. Гайхсан гэж жигтэйхэн. Гэр хорооллын, тэр тусмаа хамгийн захын хорооллын хүүхдүүдэд зориулаад үлгэрт гардаг шиг гоёмсог тоглоомын талбай бариад өгчихсөн байгааг нь хараад тэр л дээ. Бас баярлах ч шиг болов.
Тэндэхийн хүүхдүүд тоглоомын талбайгаасаа өдөржин салахаа больсон гэнэ. Аштай юу даа “нар нь гарч” л дээ.
Гэхдээ би энд хэн гэдэг сайхан сэтгэлтэн, ачтан буянтан нь энэ тоглоомын талбайг хийснийг сонирхохыг хүссэнгүй. Хэн нэгнийг рекламдсан болчих байх гэж бодоод. Харин үл таних тэр эрхэмд(хатагтайд) “Нарангийн гол”-ын бяцхан хүүхдүүдийн өмнөөс баярлаж буйгаа илэрхийлсэн нь зүйтэй болов уу.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ