Ялтан солилцоогоор ирсэн эгч дүүсийн нэг амиа алджээ

Хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо ирж, ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан эгч дүү болох Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарын нэг нь биеийн байдлынхаа улмаас амиа алджээ. Тодруулбал, эгч Б.Норжмаа нь БНХАУ-ын шоронд ял эдэлж байхдаа биеийн байдал нь тааруу, гуурсаар хооллож байсан юм. Хэдийгээр нутагтаа ирж, эмэгтэйчүүдийн хориход эмчийн хяналтад орон ялаа эдэлж байсан ч ийнхүү өвчний улмаас нас баржээ. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонсож байсан ч тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тус улсын хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаснаар тэднийг эх оронд нь авчирч байсан юм.
Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нар нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгсөн байдаг. Тус бодисыг шалгахад каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож, тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авсан юм.
Ингээд БНХАУ-ын хорих ангид ял эдэлж байхдаа нөхөртөө илгээсэн Б.Цэвэлмаагийн захидлын хэсгээс...
“Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...
"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/
“Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь.
Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна" хэмээн бичиж байв.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ