Өрөвдүүлсэн Л.Байгалмаа мафийн гишүүн байжээ

БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмаагийн ялын хэмжээг 19.6 жилийн хугацаатай болгон бууруулсан.

Учир нь түүний хоол боловсруулах эрхтэн нь муудсан, шүд нь суларч, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж, өвчлөлийн гуравдугаар шат руу орсон гэх эмчийн дүгнэлт гарсан юм. Тиймээс Л.Байгалмааг хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээгээр авчрахаар ярилцаж буй.

Түүний эмгэнэлт хувь тавилангийн тухай нэвтрүүлэг телевизээр цацагдаж олон монгол хүний сэтгэлийг шимшрүүлж байв. Тэгвэл учрыг мэдэх хүний ярианаас монгол хүний монголоо гэх сэтгэлийн угт л тэр эмэгтэйг өрөвдөх бодол төрөхөөс биш цаагуураа бас л гэмт хэргийн учиг өчнөөнөөр нь хөврүүлснийг сонсоод таны бодол өөрчлөгдөнө дөө хэмээх үгсийг сонсоод гайхсанаа нуух юун.

Л.Байгалмаа Малайзаас Хятад руу 204 грамм героин тээвэрлэж хил давах үедээ хятадуудад баригдсан юм. Тухайн үед түүнийг гэнэн цайлган цагаан зангаасаа болж, харийн нутагт гэмт хэрэгт холбогдож, золиос болсон хэмээн нутаг нэгтнүүд нь үзэж байв.

Л.Гантуул, Л.Гандаваа, Ё.Оюунбилэг, Ц.Оюун-Эрдэнэ нараар толгойлуулсан бүлэг 2008 оноос хар тамхи зөөвөрлөсөн гэдэг. Тэд нэг улсаас нөгөө улс руу мансууруулах бодис зөөвөрлөхдөө хар тамхийг үрэл хэлбэрт оруулж залгиад, зорьсон газраа ирсэн тохиолдолд өтгөнөөр нь гаргадаг байсан гэх. Хэрэв цааш нь дамжуулах шаардлага гарвал өнөөх хар тамхиа дахин өөр нэг нь залгих маягаар тээвэрлэдэг байж.

Тиймдээ ч Л.Байгалмааг дээрх этгээдүүд Вьетнам, Малайзаас БНХАУ-аар дамжуулан мансууруулах бодис тээвэрлүүлдэг байсан, урагшаа гарах замын зардал болох 200 юанийг өгч, дарамталсаар байгаад Монголоос явуулсан гэдэг. Тэгвэл энэ бүх мэдээлэл ташаа гэдгийг албаны эх сурвалжаас мэдэж авлаа.

Зүүн Өмнөд Азийн хар тамхины мафийн “Алтан гурвалжин” бүлэглэлийн бүс нутаг хариуцсан хятад гаралтай Малайзын иргэн Эдвард гэгч монголын хэд хэдэн иргэнийг сүлжээндээ элсүүлсний нэг нь Л.Байгалмаа байсныг тогтоожээ.

БНХАУ-ын шүүхээс Л.Байгалмаагийн хэргийг шалгах үедээ түүний явсан маршрутыг тодорхой болгосон байна. Тэрээр Энэтхэг, Балба, Бангладеш, Зүүн өмнөд Ази, Колумб гээд хар тамхины бизнес цэцэглэдэг орнуудаар явж хар тамхи зөөвөрлөдөг байжээ.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэлмэгдсэн, золиослогдсон хэмээн хэт нэг талыг барьсан байр суурьтай мэдээлэл цацсан нь өрөвч монголчуудад Л.Байгалмааг гэмт хэргийн золиос болсон мэтээр ойлгуулж байжээ.

Ер нь хар тамхины хэрэгт холбогдож харийн нутагт хоригдож буй олон монголчууд бүгд юм мэдэхгүйгээсээ болон хохирогсод бус хууль бус аргаар их мөнгө олох гэсэн хүсэлдээ татагдан бохир ертөнцөд уусан орогсод ихэнх нь байдаг тухай учрыг мэдэх эх сурвалж дурдсан юм.

Тиймээс сайн дураараа гэмт хэргийн замаар гишгэхгүй байхыг л иргэдэд анхааруулахыг захиж байв. Энэ талд хууль хүчнийхнээс гадна хэвлэл мэдээллийнхэн ч олон нийтэд сэрэмжлүүлэх үүрэгтэй байдаг үүднээс энэхүү нийтлэлийг бичсэн юм.

Дашрамд дурдахад "Алтан гурвалжин" гэх мафийн сүлжээ нь БНХАУ-ын Сычуан, Юнань, Гуанжоу, Гуанжу, Зэжиан зэрэг таван мужид хар тамхи бор­луулдаг гэнэ.

Мөн Лаос, Вьетнам, Бирмд төвтэй бөгөөд БНХАУ-ын дээрх мужуудтай хил залгаа аж. Толгойлогчийг нь Да Ши Фу гэдэг бөгөөд Хун Са гэх нэрээрээ алдаршсан нэгэн гэнэ.

Тус бүлэглэлийнхэн ихэвчлэн явуулын энгийн хүмүүсийг татаж хар тамхи тээвэрлэх ажилд оруулдаг бөгөөд хар тамхийг савлан жижиг тунгаар залгиулан, арьсанд нь нуух зэргээр зөөвөрлүүлдэг муу аргатай аж.

Ингэхийн тулд урьдчилгаа болгон хувь хүмүүст мөнгө өгдөг бөгөөд тэр мөнгөнд хууртан хүмүүс энэ наймаанд оролцдог аж.

Энэ бүлэглэл нь Афганистанаас Тажикстан улс, ОХУ-ын Ростов-дон, Новосибирск, Свердловскоор дамжин Сибирийн нутаг дэвсгэрт опиум, героины хууль бус наймааг цэцэглүүлж амжжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ