С.Норжинсүрэн: Миний хүүг хар тамхи зөөснийг чи яаж мэдэж байгаа юм

Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Хилийн тагнуулын алба, Гаалийн Ерөнхий газар хамтран хяналт шалгалт явуулж, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи оруулахаар завдсан Монгол Улсын иргэн Б.Бадралыг илрүүлэн шалгаж байна. Түүнийг өчигдөр Замын-Үүдээс авчирч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тэрээр “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодис оруулахыг завдсан юм.

Б.Бадрал нь байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх. Тодруулбал, тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн Ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж. Ингээд хүүгийнх нь талаар түүнээс утсаар тодруулахад “Чи хэн бэ. Би яагаад чиний асуултад хариулах ёстой юм. Чи ямар мөрдөн байцаагч юм уу. Миний хүүг хар тамхи зөөвөрлөсөн гэдгийг чи яаж мэдэж байгаа юм” гэсээр утсаа тасаллаа.

Одоогоор түүний хүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ