"Хөлтрөг" үйлийн үрийг харуулна

"SB picture", "Lodic film"-ийн хамтарсан бүтээл “Хөлтрөг” хэмээх сэтгэхүйн драм уран сайхны киноны нээлт нөгөөдөр Тэнгис, Өргөө 1, 2 кино театруудад нээгдэх гэж байна.

Энэ талаар өнөөдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Уг киноны найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч МУСТА С.Болормаа, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, Т.Түмэнхүү, зургийн даргаар МУСТА Н.Батбилэг нар ажиллажээ.

Энэхүү киноны үзэгчдэдээ хүргэж буй гол санаа нь эх үрийн хайр, хүүхэд гэдэг бурханаас өгсөн бэлэг юм, Энэ бэлгийг хайрлах нь эрхэм чухал зүйл гэдгийг харуулжээ. Мөн өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдаа оноог Замилангийн өөрийн хийсэн үйлийн үрээ амсаж байгаагаар нэг өдөр шөнийн дотор киноны үйл явдал өрнөж байгаагаар харуулдаг. Киноны гол дүр Даваагийн дүрд МУСТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор болон Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА С.Болормаа, жүжигчин Р.Баттогтох, О.Мөнхсоёл, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тогложээ. Харин киноны дууг Татар хамтлагын дуучин Заяа болон Frankseal нар дуулжээ.

Техникийн хөгжил дэвшил нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгч, амьдрал маань улам дээшлэн амар тайван сайн сайхан аз жаргалд хүрнэ гэж бид ярьж хэлж бодож байдаг. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа ч яагаад амар тайван аз жаргалыг олж чадахгүй байна вэ? Бидний зовлон зүдгүүр хаанаас гараад байна вэ? Энэ бүх асуулт биднийг зовоосоор бас шаналгасаар байгаа ч бид өөрсдөө амар тайван байж аз жаргалыг яаж олохыг мэддэггүй. Аливаа зовлон зүдгүүрийн үүр урхаг нь хүмүүн бид өөрсдөө гэдгээ мэддэггүй бас мэддэг байлаа ч мэдэхийг хүсдэггүйд бидний хамгийн том гэм нүгэл байгаа билээ. Энэнээс болж бид үргэлж өчүүхэнээр сэтгэж өөрсдийн амьдралыг “Там” болгож байна.


Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг. Өөрийн хийсэн үйлийн үрээс зугатаах юм шиг андуурахын хэрэггүй, Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айхын хэрэггүй....
/Богд Зонховын айлдвараас/

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ