Хуулийн цоорхой ашиглагчаас болж байраа алджээ

ШШГЕГ-ын хошууч С.Шинэцогт гэх хүнээс 12 жилийн өмнө байр худалдаж аваад өнөөдөр байрнаасаа хөөгдөхдөө тулсан ээж, охин хоёр манай сайтад хандлаа.
-Болсон үйл явцыг та тодорхой яриач?
-1999 оноос өмнө манайх Найрамдал зуслангийн баруун аманд малтай байсан. Цөөн хэдэн малаа алдчихаад үлдсэн малаа зараад гурван сая төгрөг болгоод хотод амьдрахаар орж ирсэн. Хотод ирээд хүүгийндээ байрлаж байгаад байр авах санаатай хайж эхэлсэн. Гэтэл нэг танил маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хураагдсан байр байна гээд ШШГЕГ-ын хошууч цолтой С.Шинэцогт хүнтэй уулзуулсан. С.Шинэцогт бидэнтэй уулзаад ШШГЕГ-т хураагдсан байр байгаа юм гээд манайд 3,4 сая төгрөгөөр зарсан. Тухайн үеийн байрны ханш тийм л байлаа. Худалдаж авсан байр маань тааз нь нурсан, засвар маш их шаардлагатай байр байсан болохоор бид сая гаран төгрөгний засвар хийгээд орсон.Гэтэл 12 жилийн дараа гэнэт нэг хүн гарч ирээд манайхыг шүүхэд дуудаад, байр чөлөөлж өг гээд биднийг гудамжинд хөөж гаргах гэж байна.
-Тухайн үедээ гэрээ байгуулж, байрны ордероо аваагүй юм уу?
-С.Шинэцогтоос байр авах үед “Намайг амьд байгаа цагт та нар эндээ байж л байна. Ордер бичиг баримтыг чинь гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэгээд манай дүүгийн паспортыг авч яваад хоёр жилийн дараа бидэнд эргүүлж өгсөн. Ордер ч авчирж өгөөгүй. Надаар байраа заруулсан хүн ордерийг нь өгөхгүй байна гэж хэлээд өөрөө 5-6 жил алга болчихсон.
-Тэгээд одоо ямар хүн байрыг чинь авахаар гомдол гаргаад байгаа юм?
-Дугарсүрэнгийн Баясгалан гэдэг эмэгтэй БЗД-ийн шүүхэд ажиллаж байх хугацаандаа Батлан хамгаалах яамны харьяа хувьчлагдаагүй газрын байрыг ШШГЕГ-ын эрх мэдэл бүхий хүмүүсээр дамжуулан худалдсан байгаа юм. Үүнийг нь бид 12 жилийн дараа мэдэж байна. Тухайн үед “Ганц худаг”-ын дарга байсан хурандаа Н.Чойндон, ШШГЕГ-ын хошууч С.Шинэцогт нар үүнийг гэрчилж, мэдүүлгээ өгчихсөн. Тухайн үед Д.Баясгалан өөрийнхөө байрыг заруулахаар байрныхаа түхлүүрийг С.Шинэцогтод өгсөн байсныг бид хүлээж авсан. Бид байраа С.Шинэцогт гэдэг хүнээс авснаас биш Д.Баясгалан гэж хүнээс аваагүй. Гэтэл 2011 оны долдугаар сард биднийг БЗД-ийн шүүхэд өгсөн. Энэ байрыг худалдаагүй, түрээсэлсэн байсан гэсэн утгатай гомдлыг Д.Баясгалан гаргасан байсан.
-Тэгэхээр байраа зараагүй, түрээсэлсэн гээд эргүүлж авах гэж байгаа гэсэн үг үү?
-Хууль мэдэхгүй бид ШШГЕГ-ын хошууч С.Шинэцогтын хэлсэн үг бүрт нь итгэж байсан нь том алдаа боллоо. Тэр Д.Баясгалан гэдэг хүн маш их өрний дарамтад ороод тухайн үед байраа заруулж өрөө төлсөн юм билээ. Д.Баясгалан нэхэмжлэлдээ “Байр түрээслүүлсний 1,5 сая төгрөгийг С.Шинэцогтоос авсан. Энэ хүмүүсийг байрнаасаа хөөсөн боловч гарахгүй байна, хурдан гаргуулж өгнө үү” гэж бичсэн байгаа юм.
-Тэгээд та нар С.Шинэцогтыг дахиад олж уулзсан уу?
-Хэдэн жил хайсны эцэст цагдаа нараар эрэн сурвалжлуулж байж 2013 оны арванхоёрдугаар сард С.Шинэцогтыг олоод, байр зарсан талаарх бүх зүйлийг нь үнэн бодитоор нь бичүүлж авсан. Үүнээс өөр надад байраа өөрийнх гэдгийг гэрчлэх ямар ч бичиг баримт байхгүй. Д.Баясгалан бол дээд боловсролтой, насаараа хуулийн байгууллагад ажилласан хүн. Байраа түрээсэлсэн гэхэд түрээсэлсэн гэрээ байх ёстой гэдгийг сайн мэдэх хүн. Түүний худлаа гөрдөж байгаа нэгдүгээр баримт энэ. Хэрвээ түрээсэлсэн гэрээ байсан бол тэрний ингэж гомдол гаргах нь зөв байх. Хоёрдугаарт энэ арван хэдэн жилийн хугацаанд биднийг байрнаас хөөж байгаагүй. Эсрэгээрээ бид байрны ордероо авах гэж тэр хүнийг арайхийж олж уулзаж, хуульч Ганбаатартай цуг Д.Баясгалангийн гэрт хүртэл очиж байсан. Хэрвээ бидэнд түрээслээд, бид гарахгүй байсан юм бол бид биш, тэд манайд ирж, хөөж туух байсан биз дээ. Гэтэл тэр хүн “Ордер өгөх цаг нь болоогүй байна” гэж биднийг даапаалж байсан юм шүү. Хуулийн хүн өчнөөн олон жил дуугуй явна гэж юу байхав. Хуулийн дуртай байгуулагадаа хандах эрх түүнд байсан.
-Та бүхэн хууль хяналтынхан байгууллагад хандахад юу гэсэн бэ?
-Тэгээд энэ асуудлаа сөхөгдөөд ирэхээр нь бид хууль хяналтын байгууллагад хандахад хянан хэлэцэх хугацаа нь дууссан байна гэж хэлсэн. Д.Баясгалан гэж тэр эмэгтэй хууль мэдэхгүй биднийг дэндүү хуурсан байгаа биз. Хөөн хэлэлцэх хугацаа нь арван жил байдаг юм байна. Тэр хугацааг нь дуусахыг хүлээж цаг нь болоогүй байна гэж хэлж байсан байгаа юм. Хуулиа судалчихсан, цоорхойг нь яаж ашиглахаа тун сайн төлөвлөсөн, үнэхээр аймаар хүн байж. Шинэцогт БЗД-ийн шүүх дээр очоод “Энэ хүмүүст байр зуучилж зарсан нь үнэн. Д.Баясгалан намайг гуйсан юм. Бид найз нөхдийн холбоотой байсан” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл Д.Баясгалан “Би С.Шинэцогтоос мөнгө аваагүй. Тэр хүнийг таних ч үгүй. Байраа түрээслүүлсэн мөнгөө би Ц.Шагдарсүрэн гэж хүнээс авсан” гээд мэдүүлгээсээ буцчихсан. Миний дүүг нас барсныг мэдээд тэр шүү дээ. Ц.Шагдарсүрэн гэдэг нь миний дүү. Тухайн үед байрны ордер шилжүүлж өгнө гэж дүүгийн минь паспортыг авч хоёр жил гаран явж байснаас биш тэр хоёр хүн дүүг маань таних ч үгүй. Тэр үед хүү маань энд байгаагүй. Харин одоо нас барчихсан юм хөөрхий. Гэтэл Д.Баясгалан үхсэн дүүг минь ашиглаж луйвар хийх гэж байна. Тэгээд бүр болоогүй, мэдүүлэгтээ Ц.Шагдарсүрэн гэж тэр хүнтэй харанхуй бүрэнхийд уулзсан гээд байгаа юм. Харанхуйд царай нь харагдахгүй хүнтэй уулзаад, байраа түрээслүүлсэн болж таарах нь байна.
-Анхан шатны шүүхийн шийдвэр Баясгалангийн талд гарсан гэсэн үү?
-Тийм ээ. Анх БЗД-ийн шүүх дээр биднийг байхгүй хурал хийгээд Д.Баясгалангийн талд шийдвэрлэчихсэн юм. Тэгээд бид давж заалдаад Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн. Дээд шүүхийн шүүгч нар Д.Баясгаланг буруутгаж энэ хэргийг дахиад анхан шат руу нь буцаасан. Гэтэл БЗД-ийн шүүх энэ хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан. Аргагүй биз. Тэр Д.Баясгалан насаараа БЗД-ийн шүүхэд ажилласан хүн шүү дээ. Тэрний эсрэг шийдвэр гаргаж чадахгүй болохоороо татгалзсан байх. Ингээд БГД-ийн шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээрээ дахиад Баясгалангийн талд асуудлыг шийдчихлээ. Гэрчийн мэдүүлгүүд шүүгчдэд огтхон ч нөлөө үзүүлээгүй. Хүний урманд уншиж үзээгүй байх.
-Давж заалдаагүй юм уу?
-Ээж бид хоёр анхан шатны шүүх хурлын дараа шүүхийн шийдвэрийг нь аваад давж заалдах гээд бараг өдөр бүр БГД-ийн шүүх дээр очиж байлаа. Хуулиараа шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор гараад, бид давж заалдах ёстой юм. Гэтэл БГД-ийн шүүхийнхэн “Танай хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байна, гарвал эргээд мэдэгдэнэ” гэж явсаар байж өдий хүрчихсэн. Гэтэл саяхан шийдвэр гарсан гэж ирсэн. Гэтэл аль наймдугаар сарын зургаанд гарчихсан шийдвэр. Бидний давж заалдах хугацаа аль хэдийн дуусчихсан байгаа юм. Бид шийдвэр гарсныг мэдээгүй байсан. Гэтэл танд мэдэгдэх гэж утсаар зөндөө залгасан гэж хэлээд байгаа. Би шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд утсаа салгах байтугай, залгасан хүн бүр лүү эргэж залгаж байсан. Гэтэл яахаараа мэдээгүй байдаг билээ. БГД-ийн шүүхийнхэнд маш их гомдолтой байна. БГД-ийн шүүгч М.Баясгалангийн туслах Сэрүүнтунгалаг ажлаасаа гарчихсан юм билээ. Шинэ туслах нь тэр шийдвэрийг нь бидэнд өгөлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу явуулчихаж. Өчигдөр бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байр суллаж өгнө үү гэсэн шаардлага ирэхээр нь л бид мэдлээ. БГД-ийн шүүхийнхэн Д.Баясгалангийн талд шийдвэр гаргаж, биднийг давж заалдах боломжгүй болгосон гэж үзэж байна.
-Тэгээд танайх байр ч үгүй, мөнгө ч үгүй гар хоосон үлдэж байгаа юм байна тийм үү?
-Даралт ихтэй настай ээжийг минь одоо байрнаас нь хөөж гаргахад яг бэлэн болчихоод байна. Шүүх үнэхээр Д.Баясгалан гэж хүнд үйлчилж байна. Ядахнаа бидний тухайн үед байр худалдаж авсан 3,4 сая төгрөгийг одоогийн ханшаар бодож өгөх шийдвэрийг нааштайгаар шийдэж өгөх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Бид энэ мөнгө авъя гэж сөрөг гомдол гаргасан ч бас л хэрэгсэхгүй болгосон. Энэ байранд би хоёр хүүхэдтэйгээ, ээжтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Гэтэл өрх толгойлсон эмэгтэй, тэтгэвэрийн эмгэнийг сохор зоос ч үгүй гудамжинд хөөж гаргаж байгаа нь хүнлэг ардчилсан нийгэмд арай л хүн чанаргүй асуудал юм даа. Биднийг ирэх хоёр дахь өдөр байраа суллаж өг гэсэн. БЗД-ийн Офицерт байрлах 21-р байр шүү дээ. Хуучны нурж унахаа дөхсөн муу байр л даа. Тухайн үедээ байгаа бүх мөнгөө өгөөд авсан болохоор бидний л өмч шүү дээ. Хэзээ ч өдий хүртэл хүний юм гэж бодож яваагүй.
-Одоо яах бодолтой байна?
-Хуульзүйн сайнд Х.Тэмүүжин болон тойргоосоо сонгогдсон гишүүдэд бичиг явуулна. Бидний асуудлыг эерэгээр шийдэж өгнө гэдэгт итгэж, найдаж сууя даа. Бидэнд туслаач.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ