Тахир дутуу хүний хажууд манжин шиг сайхан хөлтэй хүн би

Өчигдөр интернетээр хэсч байгаад 28 настай жирийн л нэг тахир дутуу залуугийн тухай олж уншлаа.Түүний биедээ байхааргvй их сэтгэлийн тэнхээ, эрч хүч, амьдралын төлөөх тэмүүлэл нь дэлхийн олон сая хүнд "Нараа, Сараа, Цэцгээ, Навчаа... Чи өөрийгөө хараач. Чамд байгаа амьдралаа голох хэрэг юу байна” гэж хэлэх шиг.

Амьдрал муухай байна. 76 юу ч хийхгүй байна. АНУ, Мянганы сорилтын сангийн мөнгө улс эх оронд дорвитой зүйл хийхэд хүрэхгvй байна. Тиймээс халаас маань хоосон, би ядуу байна. Бас тэднээс болоод олон хүн малаа алдаж, хот нь цайрсан байна. Гантай байна, зудтай байна. Халууцаад байна, даараад байна. Турмаар байна, гоо сайханд ормоор байна. Сурмаар байна, ажилламаар байна, амармаар байна... Үгүй ээ. Энд нэг л юм буруу байна аа.

Хэн нэг нь халааснаас маань мөнгө харахгүй байж болно, бас намайг машингүй байргүй байгааг хараад намайг ядуу амьтан гэж бодож болно. Гэвч энэ нь би ядуу гэсэн үг биш, бас мөнгө, байр, машин огт байхгүй байна гэсэн үг биш. Надад ямар ч материаллаг баялагаас илүү үнэ цэнэтэй баялаг бий. Тиймээс би бас баян хүн юм байна. Учир нь би эрүүл байна, энд тэнд өвдөхгүй байна, гар хөл бүтэн байна, нүд хараатай, чих сонсголтой, зүрх хэвийн жигд цохилж байна, сэтгэл санаа ч маш тайван байна.

Гэр бүл маань тогтвортой, найз нөхөдтэйгөө эгч дүүсийн нандин холбоотой, ажлын газар, сургуулийн нөхөдтэйгөө ч маш дотно сайхан харилцаатай. Надад бас бурхан буюу далдын дээд хүчинд итгэх итгэл бишрэл, оюун санааны мастер багш нар байна. Дурдаад байвал маш олон баялаг байна аа. Байгаа баялагийнхаа хэмжээг Авилгатай тэмцэх газраар шалгуулж үнэлүүлэх дээрээ тулбал би чинь харин Монголын тэргүүн баячуудын тоонд нилээн дээгүүр цохиж явах нь л дээ.

Бас би сайхан хөлтэй хүүхэн биш. Үүнийг бүх хүн мэддэг. Тиймээс зарим сайхан хөлтэй эмэгтэйчүүдийг хараад бүдүүн булчинтай өөрийнхөө хөлийг толинд харахаар бүр их уур хүрдэг. Гэвч тахир дутуу, тэргэнцэртэй явдаг хүнтэй таарахдаа, өөрийнхөө цагаан манжин шиг бүдүүн хөлийг хараад баярлах сэтгэл төрдөг юм. Би сайхан нүдтэй хүн биш. Нэг хэсэг давхраатай хөөрхөн нүд хараад, өөрийнхөө нүдэнд гараараа давхраа оруулж, "ийм байсан бол хөөрхөн байхгүй юу" гээд л ганцаараа ярьдаг байлаа. Гэвч хараагүй хүнтэй уулзаад, давхраагүй ч гэсэн юм хардаг нүдтэйдээ баярлах болсон.

Тарганаасаа ичиж, өөртөө уур хүрээд хоолоо хасаж үзлээ. Гэвч миний сул талууд эсрэгээрээ хүчирхэг талууд минь байжээ. Би өөрийгөө тэгж үзэхгүй л бол хэн намайг муухай биетэй гэж бодох билээ дээ. Одоо би өөртөө итгэлтэй амьдарч байгаа. Үнэндээ гадаад төрхөөсөө болоод бүхий л амьдралынхаа туршид өөрийгөө бусдаас доогуур үзэж амьдрах хэрэггүй биз дээ. Сайхан хүн гэж туранхай, сайхан хөлтэй, давхраатай алаг нүдтэй байхаас илүү дотоод сэтгэл нь сайхан хүнийг хэлдэг юм билээ.

Та бүхэн алдарт загвар өмсөгч Синди Кроуфордыг мэдэх байх. Тэрээр нүүрэн дээрээ тодоос тод мэнгэтэй. Анх загвар өмсөгч болоход нь мэргэжлийн зарим хүмүүс түүнийг мэнгээ авахуулахыг санал болгожээ. Тэд Синдигийн мэнгэ нь “илүүдээд”, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнд онцгүй мэнгэ гэж үзэж, бүр мэнгийг нь авахад маш амархан ч гэж сэнхрүүлэхийг оролджээ. Харин Синди болохоор “энэ мэнгэгүй бол би би биш болж, бусад сайхан бүсгүйчүүдтэй адилхан болно” гээд мэнгээ авахуулаагүй байна. Бусад хүмүүсийн “гажиг” гэж бодсоныг тэрээр өөрийнхөө “гоёл” нь гэж үзжээ.

Найзуудаа, зарим зүйлийг гаднах байдлаар нь болж өгвөл битгий шууд дүгнэж байгаарай. Оюун ухаан харалган болчих гээд байдаг юм байна. Тиймээс болж л өгвөл аливаа юмсын дотоод гоо сайхан мөн чанарыг олж харахыг хичээх нь хамгийн чухал юм байна. Хэрэв ингэж харж чадаж байвал дээрх баялгийн чинь жагсаалт бас дахиад л нэмэгдээд байна гэсэн vг.

Б.Цовоо





СЭТГЭГДЭЛ БИЧИХ