“Цаст констракшн”-д эрүүгийн хэрэг үүсгэлээ

Өнгөрсөн аравдугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын осол гарч, хоёр хүн гэмтэн, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүргийн долдугаар хороонд “Номин” дэлгүүрийн суурийг нураах үед “Цаст констракшн” компанийн гэрээт туслан гүйцэтгэгч компанийн ажилтан 38 настай Т багана төмрөөс унаж гэмтсэн бол 31 настай Б зургаан метр өндөр багана төмрөөс унаж амиа алдсан юм. Тухайн үед “Цаст констракшн”-ы зүгээс “2013 оны 10 сарын 04-ний өдөр мэдээ мэдээллийн зарим сайтуудаар “Цаст Констракшн ХХК-ийн ажилтан амиа алдлаа” гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Иймд “Цаст Констаркшн” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж байв. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, хөдөлмөр, аюулгүй байдлын найдвартай байдлыг хангаагүйгээс хүний амь нас эрсдэхэд хүргэсэн хэмээн хэрэг үүсгэсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ