Эзэнт гүрний туульс нээлтээ хийлээ

Өчигдөр Дуурь бүжгийн Эрдмийн театрт ном төрлөө. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдын "Эзэнт гүрний туульс" номын нээлтийн ёслол болж уян налархай балетчин охидын "Хунт нуур" бүжиглэдэг тайзнаас Монгол бахархал, их түүхийн омогшил мэдрүүлж чадсан нь тэр.

Залуус маань болж л өгвөл улс төр, бизнес рүү зүтгэлэх болсон энэ цагт идэр залуу хүний гараас нөр их судалгаа шинжилгээ, хүч хөдөлмөр шавхан бүтээсэн, их түүх цадигаа баялаг болгон залсан оюуны бүтээл гарч байгаа нь үнэхээр бахархууштай явдал юм. Энэ нь цаад утгаараа залуусыг оюунлаг баялаг руу уриалан дуудсан үйл явдал юм.

Нээлтийн ёслолд манай улсын урдаа барьдаг түүхчид, эрдэмтэн докторууд, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн төдийгүй хараагүй иргэдийн төлөөлөл, энхийг сахиулагч цэрэг эрсийн ар гэрийн холбооныхон зочлон ирсэн байлаа.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Төрбурамын тус номд зориулан бүтээсэн 250 гаруй түүхэн сэдэвт хайчилбарын үзэсгэлэн мөн номын нээлтийн үеэр олны мэлмийг мялаасан юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ