IPTV-г сонгосон би зурагт үзээд байна уу, зураг үзээд байна уу

“IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэнээрээ Монголдоо анхдагч болж, чамгүй олон хэрэглэгчидтэй боллоо” гэх “Юнивишн” компанийн талаар сүүлийн үед сайн үг сонсогдохоо болилоо.“Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг гэнэ”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргажээ”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна” гэх мэдээ чих дэлсэх болов.
Тус компанийн фэйсбүүк хуудас ч хэрэглэгчдийн гомдолд дарах болжээ. “Интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ” гэх гомдол “Univision Mongolia” гэх фэйсбүүк хуудаснаа дүүрэн. Гэтэл шийдвэрлэж байгаа нь тун хомс. “Та гэрээний дугаараа үлдээнэ үү. Шалгаад эргэн холбогдох болно” гэсэн үгээр хэрэглэгчдийгээ торгооно. Гэтэл нөгөө гацалт нь хэвээрээ үргэлжилсээр л. Санал гомдол авах 7711-8811 утас руу залгахаар утсаа авдаггүй гэж хэрэглэгчид нь бухимдана.
Хамгийн сүүлд гэхэд ДөлгөөнЦогт “Tanaih odoo yasan myaa yum bee internetiin hurd murd chin yuuu bolchixson yum bee” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Мөн Ng Enkhbat “Ug ni tanaihiig uilchilgee saitai. Gatsalt bagatai gej songoson ymsan. Suuliin uyd bol uneheer hetsuu baina. 11 sariig duustal haraad ene achaalalaa daahgui bol uur net, cable taviulsan n deer ym baina gej bodoj baina. Youtube eer gants clip ch uzej bolohgui gatsaj bna shd...” гэжээ. Харин үүнийг хариуд Univision Mongolia Сайн байна уу? Та гэрээний дугаар болон холбогдох гар утасны дугаараа message хэсэгт үлдээнэ үү. Үйлчилгээг шалгаж өгөх болно” гэжээ. Гэхдээ энэ үгэнд нь хэрэглэгчид нь хууртахаа больсон гэсэн. Учир нь ингэж хэлээд 24 цаг битгий хэл хоёр, гурван хоног ч таг алга болдог гэдгийг нь мэддэг болсон хэрэг л дээ.
Уг нь ямар нэг үйлчилгээний байгууллага хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг чухалчлах учиртай. Гэтэл энэ компанийнханд тэр нь огт хамаагүй бололтой. Аргаа барсан үйлчлүүлэгчид нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандаж, албан шаардлага хүргүүлж байсан удаа бий. Үүний эцэст тус компанийн дэд захирал “Хэрэглэгчийн гомдлын дагуу тасалдсан шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрэв “Юнивишн” компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байвал хэрэглэгчийн үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн мэдэгдэж ч байсан. Гэхдээ энэ шийдвэр бодитой хэрэгжиж чадсан гэхэд эргэлзэх хүн олон байна. Тус компанийн өөрсдийгөө рекламдах гэж оролддог гол зүйл нь мэдээж IPTV буюу телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрсөнийг нь нөхөж үзэх, хуулж авах технологи юм. IPTV нь өргөн зурвасын интернэт ашиглан тоон телевизийг ердийн телевизор дээр хүлээн авч үзэх боломж олгодог.
Түүнчлэн хэрэглэгчид нь IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах учиртай юм. Өөрөөр хэлбэл, IPTV нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдолгүй байх төдийгүй холбогдох хурд нь өндөр байх шаардлагатай байдаг. Хэрэв тухайн цэгт очиж байгаа хурд нь хангалтгүй байвал хэрэглэгчийн зурагт гацдаг гэсэн үг. Түүнчлэн бүх үйлчилгээ нь интернэт дээр суурилсан учир интернэтийн урсгал тасарвал телевиз, суурин утас, интернэтийн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог. Үүнд л гол учир байгаа юм.Тиймээс л “Юнивишн”-ийн хэрэглэгчид гайхамшигт амлалтад нь хууртсандаа бухимдахаас өөр аргагүй байгаа юм.
Миний нэг танил хэдэн сарын өмнө “Юнивишн”-ийн IPTV үйлчилгээг сонгосон юм. Харин одоо тэрбээр “Интернэт нь орой болохоор яст мэлхийнээс ч удаан болдог. Зураг үзээд байна уу,зурагт үзээд байна уу гэж бодохоор гацах тохиолдол олон удаа гарах юм. Үүнийг хэлж дуудлага өгөхөөр “Танай байшинд чинь асуудал үүссэн байна” гэдэг ч үнэн хэрэгтээ худал болох нь тогтоогдож, “Юнивишн”-ээс тасарсан байдаг. Мэдээж хэрэг ингэж дуудлага өгөхийн тулд дээр дурьдсан шиг тэвчээр шалгана” хэмээн гомдоллож суусан. Тиймээс найз маань нь аль хэдийнэ гэрээгээ цуцалж, өөр кабелийг сонгосон. Энэ мэт жишээ дурдвал олон бий. Гэтэл нөхдүүд дахиад л олон айлыг уг үйлчилгээндээ холбуулахаар өдөр бүр зурагтаар өөрсдийгөө рекламдаж, нийслэлчүүдийн тархи руу бөмбөгдсөөр байна. Тэдэнд үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн эрх ашиг чухал биш, харин аль болох олон айлд нөгөө “гайтай” төхөөрөмжөө шахах нь чухал бололтой.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ