Rokit Bay: Их гоё юм болно

Реппер Rokit Bay фенүүдээ баярлуулах нь ээ. Тэрээр энэ сарын 15-нд “Las vegas” клубт “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоо хийх аж. Монголын рок, попын олон хамтлаг дуучинтай хамтран ажилласан тэрээр энэ удаад амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтрахаар болсон байна.
2011 онд анхны “Пуужин Баяраа” цомгоо гарган, “Нэг өдрийн хаан” тоглолтоо хийж байсан реппер Rokit Bay өнгөрсөн хоёрдугаар сард “Эвдэрхий хүн” хоёр дахь цомгоо гарган цомхон хүрээнд фенүүдтэйгээ баяраа тэмдэглэсэн юм. Тэрбээр анплаггет тоглолтоороо “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс” цомгийн дуунуудаа хүргэх юм байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тоглолтын бэлтгэл ажил хэр байна даа. Амьд хөгжимтэй их онцлог тоглолт болох шинжтэй?
-Бэлтгэл сайн. Амьд хөгжимтэй тоглох болохоор өмнөх тоглолтоосоо огт өөр түвшний тоглолт гэсэн үг л дээ.
-Тоглолт хийхгүй хэр удсан билээ?
-Бие даасан тоглолт хийгээгүй хоёр жил болчихсон байна.
-Удаан төлөвлөсөн тоглолт байх нь ээ?
-Ер нь аль эртнээс амьд хөгжимтэй тоглолт хийнэ гээд бодчихсон байсан. “UFO” хамтлагтай урд нь нэг үйл ажиллагаанд хамт оролцож байсан юм. “Asian beat” гэдэг азийн амьд хөгжмийн шилдэг хамтлаг шалгаруулах уралдаанд гуравдугаар байр эзэлсэн, сайн хамтлаг болохоор таалагдаад хамтран тоглохоор болсон.
-Амьд хөгжимтэй болохоор дуунуудаа хэв маягийг нь жаахан эвдэж байгаа юу?
-Ерөнхийдөө жаахан өөрчлөгдөж байгаа. Гэхдээ учиргүй өөрчлөгдөх зүйл байхгүй. Энэ удаагийн тоглолтоо яг миний дууг сонирхож сонсдог үнэнч фенүүддээ зориулж, VIP маягаар хийж байгаа. Үзэгчидтэйгээ илүү ойр дотно уур амьсгалтай байх гэж “Las vegas” клубыг сонгосон.
-Хичнээн хүний багтаамжтай газар вэ?
-Дээдтал нь 600 хүний багтаамжтай. Тийм болохоор эртхэн ирсэн нь чадна шүү.
-Та амьд хөгжимд дуртай байх нь ээ?
-Мэдээж дуртай. Жаахан байхдаа орцондоо худлаа үнэн гитар тоглодог байлаа. Амьд хөгжимтэй дуулахад мэдрэгдэх мэдрэмж хүртэл ондоо. Их сайхан. Илүү эрч хүчийг мэдэрдэг.
-Ер нь хэдэн дуу дуулах вэ, цоо шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх үү?
-14-15 дуу дуулна. Нэг шинэ дуу байгаа. Гэхдээ тэр дууг дуулах үгүйгээ арай л шийдээгүй байна. Та бүхэн хүрэлцэн ирээрэй. Их гоё юм болно. Би өөрөө ч их сэтгэл догдлолтой байгаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ