М.Ширэнхүү: Зургаан жил архи уулаа, одоо жигшиж байна

Нийслэлийн цагдаагийн газ­раас нийслэлийн хэмжээнд амьдарч буй тэнэмэл, орон гэргүй иргэ­дийг тоолж, бүртгэн судалгаа хий­ж, Нийс­лэ­л­ийн Засаг даргын тамгын газар, НИТХ-аар санхүүжүүлж өөрийн гэсэн орон гэргүй, тэнэмэл байд­лаар амьдарч буй иргэд, тэр дундаа архины хамааралтай болсон хүмүүсийг нийгэм­шүү­лэх, тусалж дэмжихээр болсон. Үүний хүрээнд “Эгэл амьдралын мөр” төсөлд хамруулжээ. Төсөл хэрэгжиж эхлээд жил гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван гэр бүл нийгэмшүүлээд, одоо хотын төвд ажил амьдралаа хийгээд сайхан амьдарч буй гэсэн. Харин одоогоор 70 хүн нийгэмшүүлэх гээд ажиллаж байгаагийн 17 нь эмэгтэй үлдсэн нь эрэгтэй хүмүүс гэсэн. Тэдэнд дунд таван гэр бүл байгаа юм билээ.

Тэдний архинд орсон шалтгаан өөр өөр. Сайн сайхан амьдралтай байж байгаад ажлаас халагдах, ар гэрийнхээ хэн нэгийг алдах зэрэг үед сэтгэл зүйн хүнд дарамтад орж ихэвчлэн архиар өөрийгөө тайт­га­руул­даг. Даамжирсаар архинд донтох, архинаас хамааралтай болж энэ зам руу хөл алддаг. Зарим нэгийг нь эргээд гэртээ очиход архичин гэж хөөж, тууж гарах замгүй болгодог гээд олон янз. Бүгд сэтгэл зүйн бэлтгэл, чадваргүйгээс болж хохирч, өөрийгөө золиосолдог юм билээ.

Траншей, гудамж, орц гээд хаа таарсанаа хоноглож, хог шороотой, хаягдал гээд л юу таарсанаа иддэг байсан. Хаа явсан газраа хүнд зодуулж, өөртэйгээ таарсан нэгнээ зодож, хамаг л муу муухайг үйлдэж явахдаа тэрбээр энэ амьдралаас хэзээ ч гарч чадахгүй нь гэж бодож байжээ. Харин одоо тэрбээр архийг жигшиж, өөр хүн болохоор сэтгэл шулууджээ. Ингээд архийг дайснаа болгосон М.Ширэнхүүтэй ярилцсанаа хүргэе.

-Хэдэн настай вэ?

-Энэ жил 37-ний жил орж байна. Намайг М.Ширэнхүү гэдэг. Бид эхээс дөрвүүлээ. Дээрээ хоёр ах, дороо нэг дүү, бүгд эрэгтэй.

-Эхнэр, хүүхэдтэй юу?

-2000 онд эхнэрээсээ салсан. Нэг хүүхэдтэй. Хүүхэд маань 17 настай.

-Анх эхнэртэйгээ танилцаж байсан үеээ дурсаач?

-Багаасаа найзалж байгаад нэг гэрт амьдрах болсон. Манай эхнэр Дэнжийн 1000-ынх. Хамгийн гол нь би архи их уудаг, огт хүний хань, хүүхдийн эцэг гэдгээ ухамсарлаагүй, гудамж метарлаж, танхайрч явсаар байгаад л салсан. Одоо бол манай эхнэр өөр хүнтэй суусан. Хүүхдээ маш бага байхад нь өнчрүүлсэн. Эхнэр Дэнжийн 1000-аар хааяа ирээд явдаг сурагтай байсан.

-Хэзээнээс архи ууж эхлэв?

-2007 оноос архи ууж эхэлсэн. Нэг зүйл хэлэхэд, архи уухад зөвхөн тэрхэн үедээ л сайхан байдаг. Ямар ч зүйл бодогдохгүй. Харин ингэж явсаар байтал хамаг зүйлээ алдсан байдаг юм.

-Архи уух болсноо хүн бүр ямар нэг шалтгаантай холбон тайлбарладаг. Таны хувьд?

-Омголон, бардам зангаар хэний ч үгийг сонсохгүй явсаар л архитай нөхөрлөсөн дөө.

-Танайх хаана байв?

-Дэнжийн 1000-д амьдарч байсан. Одоо ч манай хамаатан садан тэнд байдаг. 57 дугаар сургуулийг төгссөн. Хар багаасаа л түүхий эд борлуулж, амьдралаа авч явахын төлөө гүйж байлаа. Яваандаа түүхий эд, ноос ноолуур борлуулдаг ченж болсон. Миний хувьд ядуу, зүдүү өссөн хүн. Тиймээс гэр бүлээ тэжээх хэрэгтэй байсан.

-Арван жилээ төгсөөд их сургуульд орж байв уу?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элссэн. 1995 онд “Ажнай бизнесийн чөтгөр” гээд лиг байдаг байсан. Тухайн үед тэнд тоглодог байлаа. Ерөнхийдөө л сагсны хүн лдээ.

-“Эгэл амьдралын мөр”-д ирээд ажилд орсон уу?

-Оюутан болсон. Хүнд машин механизмийн оператораар сурч байгаа.

-Архи уухгүй хэр удаж байна?

-Хоёр сар болж байна.

-Тэгэхээр та энд 2012 онд ирсэн байж архи уугаад л байсан хэрэг үү?

-Нэг ийм зүйл болсон юм. Би энд ирээд баар, цэнгээний газруудын хамгаалагчаар ажилласан. Тухайн үед баар, цэнгээний газарт ажиллаж байсан болохоор бага багаар архи уугаад байсан.Гэвч манай захирлууд уучилж энд үлдээсэн.

-Архи уугаад явж байхдаа гудамжинд, траншейд хонох тохиолдлууд гарч байв уу?

-Гудамжинд хонож үзсэн. Харин траншейд хонож үзээгүй. Найз нөхдийнхөөрөө дандаа явдаг. Надтай таарсан шоучин гарууд бий.

-Гэмт хэрэгт өртөх, орооцолдох магадлал хэр байсан. Гэмт хэрэг хийж байв уу?

-Бараг 100-ний 90 хувьд нь гэмт хэрэг хийгээд явж байлаа. Байнга л зодоон хийж явдаг байсан. Энэ байдлаасаа болж нэг удаа алдаж шоронгийн хаалга татсан. Хүний биед гэмтэл учруулаад таван жил жирийн дэглэмтэйхорих ангид ял эдэлсэн.

-Одоо бол нийгэмшээд биеэ барих чадвартай болж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гэмт хэрэгт өртөх магадлал ч буурсан.

-Энд яаж ирсэн бэ?

-Дэнжийн 1000-д байрладаг “Чулуут” гэх дэлгүүрт ганц шил архи уучихаад гарах гэтэл цагдаа нар намайг ачаад явсан. Гэтэл тэд энэ нийгэмшүүлэх байгууллагад хамруулах хүнээ хайж байсан юм билээ.

Өнгөрсөн онд тэнэмэл байдлаар амьдардаг 614 иргэн бүрт­гэг­дэж байсан бол энэ жил 643 болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ бол бодит тоо биш. Тогтсон харьяа суурьшилгүй болохоор бүртгэлд хамрагдаагүй хүмүүс олон байгаа гэсэн.

Тэд эхнэр нөхөр, эсвэл 1-3 хүүхэдтэйгээ гадуур орц, хонгил, траншейнаар хоног төө­рүүлж явна. Үр хүүхдээ дагуул­чи­хаад ирээдүйд нь санаа зовох бус архи хаанаас олоод уучих уу гэсэн бодолтой хүн зөндөө бий. Дийлэнх хувийг 18-35 насны хөдөлмөр эрхлэх чадвартай иргэд эзэлж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээл­тэй хүмүүс ч багагүй хувийг эзэлдэг гэнэ.

“Эдгээр иргэдийн дунд янз бүрийн л байдлаар энэ амьдрал орчихсон хүмүүс бий. Мэдлэг чад­вар­тай, томоохон алба хашиж байсан гээд. Тэд бие даан амьдралаа өөрчилье гээд нэг бай­гуул­лага дээр очиход ажил олгогч нар гадуурхаж хөдөлмөрийн гэрээ хийхгүй эсвэл цалин хөлсийг нь дутуу өгөх, багаар үнэлэх гомдол нэлээдгүй ирдэг гэнэ. Тэрнээс биш улирлын чанартай ажил хийдэг олон хүн байгаа юм билээ. Харам­сал­тай нь авсан цалин нь энэ давхаргаас гарахад хүрэлцээтэй биш. Тиймээс үнэхээр дэмжээд өгөхөд дээшээ гарчих хүмүүс бай­вал бид бүхий л бололцоогоороо тусална.” гэж тэндэхийн менежер н.Мандах гэж хүн хэлсэн.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ