Ерөнхийлөгчийн дэргэдээс номын садангууд төрж байна

Сэтгүүлч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэдээс номын садангууд төрсөөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Оюутолгойн ТУЗ-өөс гарсан ч оюунтай толгой гэдгээ харуулсан. Түүний “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” хэвлэгдэж гарсан даруйд эрдэмтэн судлаачид энэ толь бичиг Монголын хэл шинжлэл болон хууль зүйн боловсрол, судалгааны ажилд цоо шинэ хуудас нээлээ хэмээн үнэлж байлаа.

Зохиогч маань, энэ толийн ач холбогдол юу вэ гэхээр Монголын ард түмэн түүхийн олон үе шатыг даваад хөгжлийнхөө гараанд ирчихээд байна. Тэгэхээр манай улсын гадаад, дотоод харилцаа хөгжихийн хэрээр хаана л олон улсын харилцаа байна тэнд гэрээ хэлэлцээр хэрэгтэй байдаг. Бусад улс оронтой харилцахын тулд зайлшгүй латин нэр томъёотой гэрээ контракт хийгдэнэ.

Тэр бүү хэл шүүхийн шийдвэрт латин нэр томъёог өрнөдийнхөн бүү хэл Азийн улс орнууд их хэрэглэх боллоо .Тийм учраас Монгол Улс даяаршиж буй энэ ертөнцөд бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд зөвхөн хуульч гэхгүй ямар ч мэргэжлийн хүн түгээмэл хэрэглэгддэг латин нэр томъёог мэддэг болчихвол хэрэгтэй юм байна гэсэнд энэ хөх судрын ач холбогдол оршино.

Харин дөнгөж саяхан Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдын “Эзэнт гүрний туульс “ мэндлэв. “Монголын нууц товчоо”-ноос улбаалсан эзэн Чингис хааны цадиг намтар хийгээд Монголын түүхэн зохиолуудад тулгуурласан уран сэтгэмжит орчин цагийн туульсын хэлбэрт нэгэн чамбай бүтээл уншигч түмний гар дээр одоо ид очиж байгаа.

Залуу зохиолч С.Эрдэнэболд үндэсний хуучин монгол бичгээ үргэлжийн хэрэглээ болгосон нэгэн бөгөөд энэхүү бүтээлээ ч крилл монгол бичгээр хослон бүтээж, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн буулгах маягаар туурвижээ.

Зохиогч номоо гурван боть байхаар төсөөлж, эхний дэвтэртээ Тэмүүжин эхээс мэндэлж, Хамаг Монголын Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэл 1162-1189 оны үйл явдлыг хоёр бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадагт багтаасан байна. Номыг удахгүй орос, англи, хятад, араб хэлнээ буулгахаар төлөвлөжээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ