Ш.Сайхансамбуу: Санаатай гал тавьчихлаа

“Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сарын 23-ны үүрээр гал гарч, тус захын эзэн болон олон арван түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүний амь эрсэдсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гаригийн 22.30 цагт Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” зах шатлаа.
Тус зах 100 гаруй түрээслэгчтэй бөгөөд шатсан хоёрдугаар давхарт бэлэн хувцас, гэр ахуйн бараа зардаг байжээ. Ш.Сайхансамбуугийн мэдэлд байдаг хоёр зах ийнхүү хоёр сарын хугацаанд дараалан шатаж буй нь сэжигтэй гэж хардах хүн олон байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-“Нарантуул-2” худалдааны төвд гарсан галын дуудлагад танай баг бүрэлдэхүүн хэрхэн ажиллав?
-2013 оны 11-р сарын 9-ны 23:00 цагийн үед ЧД-ийн 12-р хороонд байрлах “Нарантуул-2” худалдааны төв шатаж, гал гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын болон Онцгой байдлын албан хаагчид очиж галыг унтрааж үзлэг хийсэн. Хэргийн газар дээр Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ, хэв журам хамгааалах газар, Мөрдөн байцаах газрын албан хаагчид үзлэг хийж ажиллалаа.
-Ямар хохирол учирсан байна вэ?
-Үзлэгийн явцад “Нарантуул-2” худалдааны төвийн Б зааланд байрлах 12 лангуу бүрэн шатсан нь тогтоогдсон. Мөн найман дангуу хагас шатсан байна гэсэн хэргийг газрын үзлэгийн хариу байна.
-Хаанаас гал гарсан байх магадлалтай байгаа вэ?
-Цахилгааны шит нэгийг шинжилгээнд хурааж авсан. Мөн гал анх гарсан байж магадгүй гэсэн дөрвөн лангуунаас нарийвчилсан үзлэг хийж ажилласан.
-Шатсан лангуунуудаас үлдсэн эд зүйлсийг түрээслэгчдэд хүлээлгэж өгсөн үү?
-Бүрэн шатсан гэх хоёр лангуунд шатаагүй үлдсэн зарим нэг зүйлсийг иргэдэд нь хүлээлгэж өгсөн. Мөн нэг давхарт байсан хүнсний лангуунуудад байсан түргэн муудаж болзошгүй болон тэсэрч дэлбэрэх бараа материалыг 32 иргэнд хүлээлгэж өгсөн.
-Тус төвд байрлах “Хаан банк” шатсан шүү дээ. Хэр их хохирол амссан бол?
-Тус төвд байрладаг байсан “Хаан” банкинд үзлэг хийхэд тус банкинд гал нэвтрээгүй, эвдэж сүйдсэн зүйл байхгүй, бэлэн мөнгө болон бусалд зүйлсийг нь тус банкны албан хаагчдад хүлээлгэж өгсөн. Бас тус худалдааны төв дээр ажиллаж байсан АТМ-үүдийг тухайн хариуцсан банкуудад хүлээлгэн өгсөн. АТМ-үүд ямар нэг гэмтэл байхгүй, бүрэн олдсон.
-Галын дүгнэлт хэдийгээр гарах бол?
-Хэргийн газрын үзлэгийг ерөнхийд нь хийж дууссан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид болон Онцгой байдлын галын шинжээчид уг галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
-Галыг санаатайгаар тавьсан гэх ул мөр байхгүй юу?
-Гал гарах үед тус худалдааны төв хаалттай байсан. Ямар нэг хүнийг сэжигтнээр тогтоон, барьсан зүйл байхгүй. Энэ гал нь санаатайгаар гарсан гэсэн эхний дүгнэлт байхгүй. Харин цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүн гарсан.
“Нарантуул 2” зах шатсан асуудлаар Ш.Сайхансамбуутай ярилцлаа. Тэрээр“Нарантуул-2” худалдааны төвд гарсан галыг гадны нөлөөтэй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу: Санаатайгаар гал тавьчихлаа
-“Нарантуул-2” худалдааны төв бас шатчихлаа. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Галын дүгнэлт хэрхэн гарах нь ойлгомжтой. Бас л цахилгааны гэмтэл гэж гарна. Угаасаа манай онцгой, цагдаа нэг л дүгнэлт гаргадаг юм байна.
-Албаны хүмүүс хэлэхдээ цахилгааны саатлаас болж гал гарсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт хэлж байна?
-“Нарантуул 2”-т цахилгааны саатлаас болж гал гарах магадлал бараг байхгүй. Цахилгааны бүх шит нь зүгээр байсан газарт дахин гал тавьчихлаа. Хэлэх ч үг алга.
-Бас танайхыг өөрсдөө албаар гал тавилаа гэж ярьж байна. Үүнд хариулт хэлээч?
-Гадуур бол манайхыг өөрсдөө гал тавьсан мэт ярьж байгаа байх. Гэтэл ард нь бид ямар их хохирч байгаа билээ.
-Түрээслэгчидтэйгээ уулзсан уу?
- Арай амжаагүй байна. Өнөөдөртөө багтаж уулзана.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ