ГССҮТ-ийн зөвлөх Р.Шагдарсүрэнгийн араас...

Улсаас татаас авч, төсвөөр тэжээгддэг байгууллагад нэг сайхан орон тоо байдаг. Түүнийг зөвлөх гэдэг. Ерөнхий сайд зургаан зөвлөхтэй, салбарын сайд нар дор хаяж гурван зөвлөхтэй. Гэтэл манай томоохон эмнэлгүүдэд бол энэ албыг эмчийн тангарагтаа үнэнч, аливаа өвчтөн үхэх, сэхэхийн дэнсэн дээр байхад ийм л хашир эмч мэргэжилтнүүд аминд ордог гэх үүднээс сонгож томилдог. Гэтэл одоо жинхэнэ хар,цагаан хэл амны бай болоод байгаа ГССҮТ-д хуучцуул нь хор найруулж, ЭМЯ-ны томилгооны эсрэг бослогыг толгойлж байна гэхэд нэг талаар хилсдэхгүй.

Яагаад гэвэл 54 жилийн түүхтэй, 500 гаруй ажилтантай, бидний ярьдгаар Гэмтлийн эмнэлэг буюу бичгийн хэлээр ГССҮТ-ийн үйл ажиллагаанд хувийн харилцаа илт давамгайлах болжээ. Иймээс салбарынх нь яамнаас удирдлагын багийг өөрчлөх шийдвэр гаргаж, жилд 12 мянган өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 6000 гаруй хүнд мэс ажилбар хийдэг Монголдоо хамгийн хөл ихтэй боловч бас хүнд суртал багагүй эмнэлгийнхээ ажил төрлийг эрүүлжүүлэхээр зорьсон юм байна.

Харамсалтай нь өдөртөө яаралтай түргэн тусламжаар 250-300 хүн эмчилгээ үйлчилгээ авахад хүрдэг энэ эмнэлгийн архагууд тэднийг барьцаалж, шинээр томилогдсон захирал Ц.Энхбаярынхаа эсрэг зохион байгуулалттай явуулгыг удаа дараа хийсээр байгаа юм. Гол тайлбар нь шинэ удирдлага харилцааны хувьд хатуу ширүүн, хамтран ажиллахад бэрхшээлтэй гэж байгаа нь тангараг тавьсан эмч нарын хувьд даанч чамлагдаж байна. Тэдний зарим нь хэнийг ч даргаар тавьсан дандаа нулимж байсан юм билээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн захирлын тухайд ЭМЯ-наас сонгон шалгаруулалт зарласан. Энэ явцад Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэдэг өөрийн эрх мэдэлдээ олгогдоогүй шинэ журам гаргаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг баталгаажуулж өгөхгүй гацаанд оруулснаас болж зарим эмнэлэг даргагүй явж ирсэн.

Иймээс эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд олон сөрөг үр дагавар гарч ирсэн учраас төсвийн ерөнхийлөн захирагч, салбар хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын тухай хуулийн дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс өөр арга байгаагүй. Юуны өмнө эрүүл мэндийн байгууллагын дарга, төсвийн менежерийг шууд сонгох эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалт явагдах боломжгүй байгаа газруудын удирдлагыг томилсон. ГССҮТ-өөс миний нэр дээр таван шаардлага ирсний дотор зөвхөн дарга томилуулахгүй байх тухайд санал хүсэлт тавьсан болохоос бус байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний чирэгдэл, чанар аюулгүй байдлын тухай асуудал байгаагүй гэв.

Ц.Энхбаярыг томилогдсоноос хойш цөөнгүй эмч ажлаас гарах өргөдлөө өгчээ. Зарим нь ч санаснаараа халагдаж, санаа нь амарч. Одоо Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмэх тухай ид ярьж байна. Ер нь тэдэн шиг өвчтөний зовлонгоор бизнес хийж, хүүхдүүдээр нь барьцаалж эцэг эхчүүдээс гар хүндрүүлдэг төрд данстай ажилтнууд байхгүй. Үүнийг гудамжинд цагаан хоолгойгоор чангаар зарлаж, ард олны саналыг авбал хэн ч “о кей” гэж хэлэхгүй нь мэдээж. Багш, эмч нар өдөр болгон хэрэндээ л бондойгоод явчихдаг юм чинь. Сая орчим төгрөгийн цалингаа чамлаад байвал цаана нь зөндөө хүмүүс байна.

Гэмтлийн эмнэлгийг хагалан бутаргах хүсэл шуналтай хүмүүсийн нэг нь зөвлөх эмч Р.Шагдарсүрэн болжээ. Энэ хүний ажил мэргэжил, хөдөлмөр зүтгэлийг нулимах гэсэнгүй. Гэхдээ бас но-той нэгэн. Энэ нь илрэх вий гэхээс нойртой хонодоггүй, Яг эрхэм гишүүдийн зарим нь шоронд шомбойхгүйн эрхээр бүтэн дөрвөн жил УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр бамбай барьж амиа хоохойлдог шиг. Хүн бүхэн хүндэтгэлтэй ханддаг түүнд юу дутав.

Шууд баримт түшье.

Энд бүх юмыг түрийвчнийхээ зузаан, нимгэнээр хэмждэг цөөхөн хүн бий. Тэдэнд шударга менежмент хийх удирдлагын баг хэрэггүй. Харин муу аргаар амархаан амь зуухыг хичээж байна. Манай хуучин томоохон эмнэлгүүд ямар их эзэмшил газартай байсныг хүмүүс сайн мэднэ. Одоо энд тэндээсээ өм цөм булаалгасаар автомашины зогсоол үгүй шахам үлдсэн нь гашуун үнэн.

Үүний нэг сонгодог жишээ нь ГССҮТ. Бас нэгэн баримт нь нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн “Эзэмшил газраас гаргаж, барилга бариулах тухай” 262 тоот захирамж юм. Уг захирамжийг өөртөө ашигтайгаар зувчуулж, олон хүнд орон байр олгох амлалтаас ГССҮТ-ийн хуучин удирдлагыг бултахад нэр нөлөөгөөрөө хаайцайлсаар байгаа зөвлөх Р.Шагдарсүрэн билээ. Нэг үгээр хэлбэл, нэр бүхий эмнэлгийн газраас 1204 метр, кв хаачсан бэ.

Ер нь ГССҮТ-д ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Түмэндэмбэрэлийн шахаасаар хулхи тоног төхөөрөмж авч, улсад 1,7 тэрбумын шууд хохирол учруулсан зарим эмч, мэргэжилтний араас АТГ-ын хаалга татах хүн цөөнгүй хүн байгаа. Энэ нь газрын асуудал. Гэмтлийн эмнэлэг яг арван жилий өмнө 40 мянга 442 метр, кв эзэмшил газартай байсан бол өдгөө З0 мянга гаруйхан болжээ.

ГССҮТ-ийн харъяа хуучин гэмтлийн эмнэлэг одоогийн Түлэнхийн төв 2002 онд 16 мянга 400 метр.кв газар эзэмдэг байсан бол өнөөдөр талаас илүү нь алга болсон. Эдгээр газар дээр хуйвалдаанаар босгосон орон сууцны барилгуудаас 100 байрыг ГССҮТ-ийн ажиллагсдад өгнө гэсэн авч энэ хүний харгайгаар 10 хүн л толгой хоргодох юмтай болсныг эмч, мэргэжилтнүүд эрс эсэргүүцэж байгаа.

Иймээс шинэ удирдлагыг хүлээн авахгүй цаад санаа нь ердөө үүнтэй холбоотой. Одоо түрийвч нэгтнүүд болох эмнэлгийн тоног төхөөрөмжийн шахааны бизнесийнхэн болоод газрын наймаачид жирийн ажиллагсдын сэтгэл санааг урвуулах ажиллагааг ихээр өдөөж, эмчийн тангаргаа умартаж яваа нь наранд байх хоногийн тоогоо нэмэхийн тулд нарсанд суухаас илт айсан хэрэг.

Тухайлбал, 2004 онд "Эрхи" ХХК гэсэн нэрээр авсан 350, "Мон мед комплекс"-д олгосон 1828 метр.кв газрын хэрэг, учир битүүлгээр баригдсан Р.Шагдарсүрэн, Б.Хандмаа нарын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн барилга, энэ бүхнийг хаацайлсан эксзахирал С.Отгонгэрэлийн булхай зэрэг нь араас нь аргагүй л их мөнгөний үнэр дагуулж байна. Тэдэнд шинэ удирдлага хэрэггүй.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ