Мөнгөтэй хүнтэй суусны гор нь гарч эхэлж байна

Сайн байна уу? Би нөхөртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч тусдаа гараад хамт амьдарч байгаа юм. Гэр бүлд хааяа нэг үл ойлголцол гаралгүй л яахав гэж боддог. Манай хүн мөнгөтэй айлын хүү, өөрөө ч хангалттай мөнгөтэй. Гэтэл би жирийн л нэг айлын охин. Бид 2 бараг хэрүүл хийдэггүй байсан. Эвтэй найртай сайхан байдаг байсан.

Харин сүүлийн үед аль болох л надтай хэрүүл хийчих гээд элдэв өдсөн үг хэлдэг болчихсон. Хэрүүл хийх болгондоо чи манайхыг ямар хөрөнгөтэйг мэдэхүү, танай гэр бүлд чамд юу өгсөн юм гээд л гэр бүлрүү минь уурлаад хэрүүл эхлээд байдаг болчихлоо. Би өөрөө огцом ууртай болохоор хэрэлдээд нөгөө хүнийг чинь бүр асаагаад ийм маягаар нэлээд том хэрүүл хэд хэдэн удаа болсон. Тэгээд сүүлийн үед өөрийгөө тайвшруулж уураа их барихыг хичээж аль болох хэрүүлээс хол байх гэж хичээх болсон. Танай гэр бүл надад маш их дарамттай байна. Танай гэр бүлийг үзэн яддаг гэж хэрүүл болгондоо ёс юм шиг хэлдэг. Гэхдээ манай гэр бүл хэзээч бид 2-т төвөг удаж байгаагүй. Танай гэр бүл ядуус, тэнэг, тэнэг болхоороо мөнгөгүй байгаа. Танайхан бол миний нүдэнд хог шиг л харагддаг гэж хэлдэг. Иймэрхүү байдлаар гэр бүлийг минь доромжлоод байхаар нь би нэг удаа тэвчилгүй тэгвэл ээж чинь удахгүй үхэх биз гээд хэлчихсэн чинь үснээс минь зулгаагаад намайг барьж зодох шахсан.

Нөхөр минь хэзээ ч надад гар хүрч байгаагүй л дээ, тэр явдлаас хойш сав л хийвэл цохичох санаатай, би чамд хэлж байхад чи зүгээр сонс юу ч битгий дуугар гэдэг болсон. Би, чи миний гэр бүлтэй амьдраагүй надтай амьдарч байна. Манай гэр бүл чамд ямар төвөг болоод байгаан гэхээр танайхан бол хэзээ ч чамд тус болж байгаагүй, хувиа хичээсэн хүмүүс гэдэг. Би чамайг тэжээж байна. Танайхан чамайг тэжээсэн үү гэнэ.

Надтай амьдарч чадахгүй бол тэр ядуу амьдрал руугаа яваач гэж байнга хэлдэг болсон. Яагаад гэхээр чи хэзээ ч намайг сонсдоггүй, өөдөөс дандаас хэрэлддэг, өөрийнхөө гэр бүлд л хайртай надад биш гэж хэлдэг. Би ч бас хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй юу, би чиний боол уу, битгий намайг өөрийн үгээрээ байлгах гээд бай гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүн бол эр нөхрийнхөө үгийг л сонсох ёстой гэнэ. Үнэндээ бол намайг юугаар ч дутаадаггүй хэрүүл хийхгүй үедээ бид 2 эвтэй найртай, хөгжилтэй сайхан байдаг.

Гэхдээ би гэр бүлийг минь доромжлоод байхад тэвчиж үнэндээ чадахгүй байна. Нүүрэн дундуур нь нэг сайн зохиод авмаар санагддаг. Би хэзээ ч тэдний гэр бүлийг муу хэлдэггүй, ярьдаг ч үгүй. Нөхөр минь хэрүүл хийж өчнөөн юм болсны маргааш аль болох эвлэрэх гээд байдаг юм. Би юу ч дуугарахыг хүсдэггүй. Тэгж байгаад л бид 2 эврэлчихдэг. Иймэрхүү л нэг тойрог маягаар л амьдраад байдаг. Өөрийнхөө энэ амьдралыг тэр хүний нүдээр харах гэж хичээгээд, яагаад уурлаад байдаг, уурлахдаа яагаад гэр бүлийг минь оролцуулаад байдгыг би олж чадахгүй байна. Өөр гуравдагч хүний нүдээр харах гээд ч чадахгүй байна. Миний зөрүүд, огцом ууртай зан хэрүүлд нөлөөлдөг ч би үүнийг засаж байгаа. Харин гэр бүлийг оролцуулаад байгааг яаж болиулах вэ?

Сэтгэлзүйч:

Танай нөхрийн хувьд танд хайртай ч эд мөнгөний амтанд орж эхэлж байгаа юм шиг санагдлаа. Анх нөхөр тань залуу байхдаа буюу хөрөнгө мөнгөний амтыг мэдэрдэггүй байхдаа танд дурлаж тантай амьдрал зохиосон байх. Тэгэхээр нэг үгээр хэлбэл жинхэнэ чанар нь илэрч байгаа гэж хэлж болно.

Гэр бүлээ доромжлуулах хэцүү бас дарамттай. Огцом түргэн уур сайн зүйлд хүргэхгүй. Гэхдээ ийм тохиолдолд чимээгүй сууж дэрэлхүүлнэ гэдэг буруу. Үүнийг болиулахын тулд нөхөртэйгээ хамт гэр бүлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Хүмүүсийн хоорондын харилцаа чухам юунаас болж мууддаг, гэр бүлээ ямархан зүйлээс алдаж болдгийг нөхөртөө ухааруулах хэрэгтэй. Залуу хосууд дөнгөж амьдралаа эхэлж байж хөрөнгө мөнгөний ялгаа яригдана гэдэг тун муу. Их ноцтой үргэлжлэх юм бол салж ч болох юм. Тиймээс нөхөртөө ойлгуулж гэр бүлээ авч үлдэхийн тулд хамтдаа өөрчлөгдөх ёстой. Тэгээд ч иймэрхүү асуудал нэг удаагийн сэтгэл зүйчийн зөвлөгөөгөөр шийдэгддэггүй.

Нөхөр чинь муудалцсаныхаа дараа эвлрэх хүсэлтэй байдаг бол танд хайртай л байгаагийн илрэл. Тиймээс тааруухан бодолтой байгаа нөхрөө үүнээс илүү эвдрэхээс нь өмнө хамт өөрчлөгдөхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ