“Ceylonta” ресторан тооцоон дээрээ арван хувийг нэмж авдаг

Үйлчлүүлэгчдээсээ ил цагаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын шимтгэл авдаг байсан нэгэн рестораны тухай та бүхэнд дуулгая.
“Ceylonta” гэх Шри-Ланка ресторан СБД-ийн нутаг дэвсгэрт байрладаг. Манай улсад үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруй болж байгаа бөгөөд тус ресторанаар монгол, энэтхэг улсын янз бүрийн л иргэд үйлчлүүлдэг гэнэ.
Тэгвэл энэ ресторанаар үйлчлүүлсэн нэгэн иргэний гомдлын дагуу бид тодруулахаар очлоо.
Гэтэл уг ресторан нь үйлчилгээнийхээ төлбөр дээр үйлчлүүлэгчээс нэмж НӨАТ гэж арван хувийн төлбөр авдаг байна. Өөрөөр хэлбэл тус ресторанд 20 мянган төгрөгний хоол идсэн иргэн тооцоогоо хийхэд төлбөрийн тооцоон дээр арван хувийг нэмж тооцдог байна. Учрыг лавлатал, манайх авсан үйлчилгээнийхээ тооцоон дээр арван хувийг нэмж авдаг гэж Зохион байгуулагч нь хээв нэг хариулав.
Үүний дагуу тус рестораны захирал Н.Оджаргалтай холбогдоход “Манай ресторан нээгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгэхээр ямар байгууллага нээгдээд хэсэг хугацааны дараа НӨАТ гэж төлж явдаг юм байна. Бид түүнийг нь мэдэлгүй хямд үнээр хоолныхоо цэсээ гаргасан. Тиймээс НӨАТ-аа төлөхийн тулд арван хувийг нэмж авдаг. Ямар ч байсан энэ бол хууль зөрчсөн асуудал биш. Гэхдээ бид удахгүй төлбөрийн тооцоон дээрээ НӨАТ-ын арван хувийн төлбөрийг нэмж оруулах болно” гэв.
Тэгэхээр энэхүү ресторанаас хэдэн төгрөгний ч хоол, ундаа, архи пиво авсан бай тухайн иргэн авсан зүйлийнхээ төлбөр дээрээ арван хувийг нэмж өгдөг гэсэн үг юм.
Тэгвэл энэ үйлдэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн эсэхийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.
-Хэрэглэгч идсэн хоолныхоо төлөө төлөх мөнгөн дээрээ дахиад арван хувийг төлөх нь хуулинд нийцсэн үйлдэл мөн үү?
- Тийм зүйл байх ёсгүй. Наадах чинь яах аргагүй хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Үйлчлүүлэгч ямар ч газраар үйлчлүүлэхдээ төлбөрийн тооцоонд байгаа үнэ төлбөрийг л өгөх ёстой. Гэтэл төлбөрийн тооцоонд тусгагдаагүй төлбөр нэмж өгөх нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл.
-Танайд ийм төрлийн гомдол ирж байсан уу?
-Зарим газрууд НӨАТ нэрийдлээр хэрэглэгчдийг хохироож мөнгө нэмж авах буюу чиний хэлснээр арван хувийг үйлчилгээний төлбөр дээр нь нэмдэг гэж сонссон. Энэ талаар манайд ч гомдол ирж байсан. Хэрэв тухайн газраа та бүхэн баттай мэдэж байгаа бол бид хамтарч ажиллаж шалгалтыг хийе.
Ийнхүү албаны хүн хууль зөрчсөн үйлдэл гэж хэлж байхад тус рестораны захирал Н.Оджаргал үүнийг огтхон ч хууль зөрчөөгүй хэмээн хээв нэг хариулж байсан юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ