Хүний наймаанд өртөх шахсан 14 хүүхэд юу хийж явна

Монгол Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх буюу “Өнөр бүл” төвийн 14 хүүхэд хил дамнуулан худалдаалагдсан гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж буй. Тэднийг ӨМӨЗО-ны Хөх хотод «Хянганы зам» болон «Монгол» сургуульд сургана хэмээн аваачсан ч тариан талбайд ажиллуулж, малын хашаа хороо цэвэрлүүлж байсан гэдэг.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр асрамжийн төвийн 14 хүүхдийг хил дамнуулан худалдаалж, Хөх хотод боолчилж байна хэмээн мэдээлж байсан ч “Өнөр бүл” төвийн удирдлагуудын зүгээс “Өмнөх удирдлага солигдохоос өмнө 14 хүүхэд Өвөр Монголын Монгол үндэсний сургуульд гэрээгээр сурахаар явсан. Өмнөх дарга Алтайгаас зөвшөөрөл авч явсан. Тэгээд 14 хүүхдийн хичээл сурлагын байдал ямар түвшинд байгаа, амьдрах орчин нөхцөлд дүн шинжилгээ хийхээр явж тэнд сурч байгаа 14 хүүхэдтэй уулзсан. Хүүхдүүдтэй уулзахад хичээл сурлагын хувьд тийм сайн биш байсан. Хятад хэлийг маш бага сурсан, дунд сургуулийн хүүхдүүдийн мэдэх ёстой мэдлэг хоцрогдсон байсан. Тиймээс хүүхдүүдийг хичээлийн хоцрогдолд орж байна гэж дүгнээд эргүүлээд авчиръя гэж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг өгч байсан юм.
Тиймээс тус 14 хүүхдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эх оронд нь авчирсан. Харин уг хүүхдүүд одоо юу хийж ямархуу нөхцөлд сурч, боловсорч буй талаар мэдээлэл бэлтгэхээр “Өнөр бүл” төвийг зорилоо. Биднийг очиход тус төвийн захирал Н.Бурмаа эзгүй, харин дэд захирал Д.Цагаанжанар хүлээн авч уулзсан юм. Түүнтэй уулзаж, ямар зорилгоор ирснээ хэлэхэд “Хүүхдүүдийн сурч боловсорч, амьдарч буй нөхцөл байдлын талаарх зургийгавч болно. Харин хүүхдүүдтэй уулзаж, хүүхдүүдийн зургийг авахуулахгүй. Энэ бол хүүхдийн ирээдүйтэй холбоотой учраас хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэв. Хөх хотоос ирсэн 14 хүүхэд 9-16 насны хүүхдүүд. Тэд асрамжийн төвийнхөө хажууд байрлах 53 дугаар дунд сургуульд сурч боловсрон, боловсрол эзэмшиж байна. Ингээд тус төвийн дэд захирал Д.Цагаанжанараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөх хотоос ирсэн хүүхдүүд сайн байгаа юу?
-Тийм. Сайн байгаа. Эндээ амьдарч, сурч боловсорч байна. Хичээлийнхээ бус цагаар компьютер, гар урлал, бүжиг гээд дугуйландаа хамрагдаад хэвийн байгаа.
-53 дугаар сургуульдаа сурч байна уу?
-Тийм. Ирсэн хүүхдүүд бүгд өөр өөрсдийн сурч байсан ангидаа орон суралцаж байна.
-Хөх хот руу явахыг бол та бүхэн мэдэж байсан гэдэг?
-Хүүхдүүдийнхээ саналыг харгалзан, өмнөх удирдлагууд Хүүхдийн төлөө төвтэй ярилцаж байж шийдвэрээ гаргаж явуулсан.
-Хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Гэтэл хүүхдүүдийг хашаа хороо цэвэрлэх, тариан талбайд ажиллуулах мэтээр боолчилж байсан гэсэн?
-Яг боолчлоод тэвчишгүй хөдөлмөр хийлгэж байсан асуудал байхгүй. Манай төвөөс шалгалт явуулж, очиж үзэхэд хүүхдүүд амралтаараа тариан талбайд ажиллаж байсан зүйл байсан. Мэдээж насныхан онцлогт таарсан хөдөлмөр эрхэлж байсан. Үүнийг манай захирал өөрөө очиж шалгасан. Хүүхдийг мөлжиж, хүнд хөдөлмөр хийлгэж байсан зүйл байхгүй.
-Тухайн үед аав, ээжтэй хүүхдүүдтэй нь уулзаж явуулсан уу?
-Тийм. Уулзаад харилцан тохиролцсоны үндсэн дээр явуулж байсан.
Тус төвөөс хүүхдүүдтэй уулзахыг хориглосон ч 53 дугаар сургуульд сурдаг О гэх охиныг хичээлээ тараад асрамжийн газар луу орж байхтай нь таарч цөөн хором ярилцлаа.
-Хөх хот руу сурахаар явсан уу, очоод нөхцөл байдал хэр байв?
-Анх Ж.Дүгэрээ захирлыг байхад биднийг Хөх хот руу сургахаар явуулсан. Хичээлээ хийж байсан. Тэгээд амралтынхаа үеэр охидууд нь гэрээ цэвэрлэх, хөвгүүд нь хашаа хороо цэвэрлэдэг байсан. Яг ч асуудалгүй байсан гэж хэлэхгүй. Мэдээж айлд байх хэцүү юм билээ. Загнуулна. Уйлна.
-Тэгээд яагаад сурахгүй хүрээд ирэв?
-Үргэлжлүүлэн сурна гэж бодож байсан. Гэтэл шинэ захирал залгаад бид нарыг аваад ирсэн. Магадгүй диплом энтэр өгөхгүй гээд авчирсан юм болов уу. Гэнэт л аваад ирсэн.
-Тэгэхээр та нар өөрсдөө ирье гэж ирээгүй хэрэг үү?
-15-уулаа ирье гэдгээ ч бид өөрсдөө хэлсэн. Монгол руугаа буцахыг маш их хүсч байсан. Анх очиход эвгүй байсан.
-14-үүлээ яваагүй юм уу?
-15-уулаа байсан. Нэг нь Ж.Дүгэрээ захирлын хүүхэд байсан.
-Одоо эндээ ямар байна?
-Гоё байна. Ёстой сэтгэл амар сайхан. Хичээлээ хийгээд л явж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ