"Рийчфэйлд” зочид буудалтай холбоотой хүмүүст хэрэг үүсгэлээ


Солонгосын гампи буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жэ Манийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж буй. Тодруулбал, тэрээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улс руу гаргаж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж. Тэрбээр БНСУаас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Рийчфэйлд” зочид буудалтай холбоотой Солонгос иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ. Мөн өөр эх сурвалжийн мэдээлснээр тус зочид буудлыг битүүмжлээд байгаа юм.
Ан Жэ Мань хууль бус үйлдлээрээ 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн бөгөөд “Юилсот” компани болон түүний захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэх баримт хууль хяналтын байгууллагынханд байгаа гэнэ. “Рийчфэйлд” зочид буудалд монголчуудыг оруулдаггүй, солонгосчууд буудаллаж, монгол охидоор зугаацдаг байсан бөгөөд хоёр жилийн өмнө захирал Ли Жэй Гүнийг бусдын биеийг үнэлүүлсэн, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан ч прокурорууд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ