Хууль бусаар эд зүйл нэвтрүүлдэг гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Цайз захад сүүлийн хэдэн жил ан амьтны түүхий эд нууцаар худалдан авч байсан толгой ченж Б-г Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд баривчлан шалгаж эхэллээ. Ченж Б нь нэн ховор, ховор амьтдын гаралтай түүхий эдийн зүйлсийг хулгайн анчид болон бага гарын ченжүүдээс худалдан авч хууль бусаар хил давуулан БНХАУ-д гарган борлуулах ажлыг идэвхтэй тогтмол явуулж байсан аж.

Тэрээр хоёр дахь удаагаа баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард мөн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баавгайн доньд нэг, бугын чив 14, бугын ясан эвэр 126 кг, тарваганы арьс 325, хоёр ширхэг чоно зэрэг зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн А гэх айлынд хадгалж байсан, зарим зүйлсийг Замын-Үүд боомтоор хууль бусаар БНХАУ-д гаргасан үйлдлийг илрүүлж байжээ.

Тухайн үедээ энэ хэрэг нь Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэст шалгагдаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус сум дахь сум дундын шүүхээр орж нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна.

Ченж Б хориотой ан амьтны эд зүйлийг ахин худалдан авч хилээр гаргаж байгаа талаарх мэдээлэл иргэдээс ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгажээ. Гэтэл тэрээр тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад ховор, нэн ховор амьтдын гаралтай түүхий эдийг бусдаас худалдан авч байгаль орчинд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байжээ. Мөн гэртээ их хэмжээний хориотой ан амьтны түүхий эд хадгалж байсан, энэ бизнесийн хамтрагч О-оор баавгайн сарвуу зэрэг зүйл хийсэн хоёр том цүнхийг БНХАУ-ын Эрээн хот руу вагоноор тээвэрлүүлсэн хэргийг одоогоор илрүүлээд байгаа юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ