А.Бат-Амгалан: “Richfield”-ыг надад зарсан солонгосчуудыг хорьчихсон

Солонгосын гампи буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жэ Манийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж буй. Тодруулбал, тэрээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улс руу гаргаж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж. Тэрээр БНСУаас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Рийчфэйлд” зочид буудалтай холбоотой Солонгос иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ. Харин өөр эх сурвалжууд энэ зочид буудлыг битүүмжлээд байгаа гэж мэдээлсэн юм.
Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус зочид буудалд очиход битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч үйлчлүүлэгчид байхгүй байлаа. Ингээд жил гаруйн өмнө солонгосчуудаас энэ зочид буудлыг худалдаж авсан гэх монгол захирал А.Бат-Амгалантай ярилцлаа.
-Танайхыг үйл ажиллагааг нь зогсоогоод, битүүмжилсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Гэтэл одоо ажиллаж байна шүү дээ. Тайлбар өгөөч?
-Өнөөдрийн байдлаар лацадсан юм алга. Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Буруу ташаа мэдээллүүдээс болж манай үйл ажиллагаа доголдоход хүрч байна. Гадаад дотоодын жуулчид элдэв бичсэн нийтлэлээс болж байрласан буудалдаа ч орж, гарч чадахгүй хэцүү байдалтай байна. Миний хувьд энэ зочид буудлын 100 хувь хөрөнгө оруулагч, эзэмшигч. Энд гадаадын ямар ч хөрөнгө оруулалт, хувьцаа байхгүй.
-Энэ зочид буудлыг хэзээ, ямар хүнээс худалдаж авсан юм бэ?
-Ойролцоогоор жил хагасын өмнө солонгос улсын иргэдээс худалдаж авсан. Хууль ёсны худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу. Би бол худалдан авагч. Надад энэ барилгыг барьсан мөнгө бохир байна уу, цэвэр байна уу огт хамаагүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Тэр солонгос хүмүүсээс асууж шалгаах ч эрх байхгүй шүү дээ.
-Энэ мэдээллийн хэзээ сонсов?
-Намайг Улсын мөрдөн байцаах газраас энэ солонгос хүмүүстэй холбоотой юу гэж хоёр гурван удаа дуудаж уулзсан. Иргэний хувьд мэдээллээ солилцож, мэдүүлэг өгч байгаа.
-Та тэр солонгос иргэдтэй холбоотой байсан уу?
-Тэр хүмүүстэй худалдан авах гэрээ хийснээс хойш уулзаагүй. Энд үйл ажиллагаа явуулж, амьдардаг гэсэн.
-Энэ зочид буудалд өмнө нь өөр нэртэй байсан юм уу?
-Өмнө нь надад зарахаас өмнө “Юилсот” гэдэг компанийн мэдлийн “Richfield” гэдэг нэртэй зочид буудал байсан. Би худалдаж аваад зочид буудлынх нь нэр хэвээрээ, харин “Наран саран” ХХК нэртэй монгол улсад бүртгэлтэй компанийн мэдлийнх болгосон. Энэ нэрийг өөрчилье гэж бодохгүй байна. Тав зургаан жил үйл ажиллагаа явуулаад, засвар хийх шаардлагатай болсон зочид буудлыг бид худалдаж аваад ойролцоогооор 7-8 сар засвар хийгээд саяхан л үйл ажиллагаагаа эхлүүлээд жигдрэх гээж явж байлаа.
-Энд дандаа гадаадын иргэд үйлчлүүлдэг байсан, тэгэхдээ монгол охидыг оруулж биеийг нь үнэлүүлдэг байсан гэх мэдээлэл байгаа. Та ийм үйл ажиллагаа явуулдагийг нь мэдээгүй юм уу?
-Мэдээгүй. Надад асуух эрх байхгүй. Урд нь зочид буудал байсан. Миний танилууд ч үйлчлүүлдэг л байлаа. Хэн нь хэнтэйгээ хамт үйлчлүүлдэг байсныг бид мэдэх эрх байхгүй. Мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа хүмүүсийн нууцад халдах байж боломгүй хэрэг. Солонгос монгол хүмүүс хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ.
-Та одоо ямар арга хэмжээ авья гэж бодож байна, ерөнхийдөө та бас хохирогч болчихоод байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Хамгийн эхэлж энэ мэдээлэл хаанаас цацагдсаныг өөрийнхөө шугамаар явуулаад, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оллоо. Одоо зохих ёсных нь дагуу шүүхэд хандана. Нэг төрд халдлаа. Бас бизнесийн үйл ажиллагааг доголдууллаа. Бид адилхан эцэг эх, найз нөхөд, гэр бүлтэй хүмүүс. Монголчуудынхаа өмнө солонгос хүмүүстэй хамааралтай ч юм шиг, солонгос хүмүүсийн гар хөл болсон ч юм шиг эвгүй мэдээлэл гадуур тархаж байна. Би монгол хүн. Хэзээ ч тэр солонгос хүмүүстэй хууль бусаар ороолцолдож, нэр хүндээ уландаа гишгэх хүн биш.
-Цагдаагийн байгууллагаас удирдлагуудад нь эрүү үүсгэсэн байгаа гэсэн мэдээлэл өгсөн л дөө. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Тэр солонгос хүмүүс хоригдсон гэсэн мэдээлэл ирсэн. Надаас зөвхөн мэдүүлэг авч байгаа.
-Хаанаас ийм мэдээлэл ирсэн бэ?
-Мөрдөн байцаах газраас хэлсэн. Намайг хоёр долоо хоногийн өмнө шахуу дуудаж мэдүүлэг авч, энэ тухай хэлсэн.
-Солонгос хүмүүс гээд байгаа. Яг хэдэн хүний талаар яригдаад байна вэ?
-Би нэг л солонгос хүнтэй харьцаж, худалдаж худалдан авах гэрээ хийсэн. Тэр хүн харин өөрөөсөө гадна хоёр хүнд хувьцаа байгаа гэж хэлж байсан.
-Ихэнхдээ гадаад хүмүүс үйлчлүүлдэг гэж үнэн үү?
-Өмнө нь солонгосчууд ажиллуулдаг байхад ихэнхдээ солонгос иргэд ордог байсан юм билээ. Одоо бол бараг солонгос хүмүүс орохоо больсон.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ