МИАТ-ийн экс удирдлагуудын хурал завсарлалаа


“Дайны эрсдлийн сан”-г бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр 08.30 цагаас хойш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар дөнгөж сая завсарлалаа. Анхан болон давж заалдах шатны хуралдаанаар тэдэнд 10-14 жилийн хорих ял оноосныг эсэргүүцэн ийнхүү хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.
Мөн МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан сүүлд шийдвэрлэж, цагаатгасан юм. Харин хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ