Ан Жэ Мань Монголын газрыг нэг сая ам.доллараар заржээ

БНСУ-ын гампи буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жэ Манийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа. Тэрбээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улс руу гаргаж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж. Тэрбээр БНСУ-аас Ан Жэ Манийн явуулсан ам.доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсан нь шалгалтаар тогтоогдсон хэмээн өчигдөр манайх мэдээлсэн.
Харин энэхүү хэрэгт нэр нь дурдагдаж, шалгагдаад байгаа Ан Жэ Маньтай холбоотой өөр нэгэн баримт олдлоо. Тэрээр Баянзүрх дүүргийн зургадугаар хороо “Натур” худалдааны төвийн урд 3800 м2 газрыг хууль зөрчин худалдсан байна. Тодруулбал, Ан Жэ Мань нь 2006 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 328 тоот тухайн үеийн тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирын тушаалаар таван жилийн хугацаатайгаар уг газрыг ашиглахаар болжээ.
Анх энэхүү газар нь иргэн Д.Баттөрийн нэр дээр байсан ч “Юилсот” компанийн ерөнхий захирал Ан Жэ Маньд худалдсан байна. Гэвч тэрээр энэхүү газрыг авсан даруйдаа барилгын суурь цутгасан боловч санхүүгийн хүнд байдалд орсон учир “Мятрашгүй өндөр” ХХК-иас мөнгө зээлжээ. Гэтэл энэхүү мөнгөө хугацаандаа төлж чадалгүй “Мятрашгүй өндөр” ХХК-нд газраа нэг сая ам.доллараар зарсан байна. Үүнийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Тус компани нь барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн 16 давхар орон сууц барьжээ. Гэтэл тус компани Ан Жэ Маньд нэг сая ам.долларыг нь бүрэн өгөөгүй учир Ан Жэ Мань хуулийн байгуулагад хандан газраа буцааж авахыг хүссэн байна. Тэрээр анх газраа зарахдаа Баянзүрх дүүргийн Газрын албанд газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан учир хүсэлтийг ёсчлон биелүүлсэн байна. Гэвч тэрээр газраа буцаан авах өргөдөл өгөхдөө би газар шилжүүлэх хүсэлт гаргаагүй хэмээн мэдэгдсэн ч түүний гарын үсэг болон компанийн тамгатай бичиг түүний энэ яриаг үгүйсгэсэн байна. Иймд энэхүү хэргийг өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэн, маргааныг “Мятрашгүй өндөр” ХХК-ийн талд шийдвэрлэсэн байна. Хэдийгээр хуулиар бол газраа улс буцаан авах ёстой боловч орон сууц баригдаад оршин суугчид нь орсон учир тэдний эрх ашгийг хүндэтгээд хуулийн байгууллагаас дээрх шийдвэрийг гаргажээ.
Хуулинд зааснаар бол Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн тодорхой хугацаанд ашиглах эрхтэй. Харин худалдан борлуулах эрхгүй. Учир нь түүнийг өмчлөөгүй бөгөөд зөвхөн тодорхой хугацаанд ашиглах эрхтэй. Харин Монгол Улсын иргэн л өмчлөх эрхтэй хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл БНСУ-ын иргэн Ан Жэ Мань өөрийн өмч мэт нэг сая ам.доллараар БНХАУ-ын иргэнд худалдан борлуулжээ. БНХАУ-ын иргэн гэдэг нь “Мятрашгүй өндөр” ХХК-ийн ерөнхий захирал. “Мятрашгүй өндөр” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд тус улсын иргэн Пен Ханюйгийн эзэмшлийнх. Үүнийг доорх баримт нотолно.
Ийнхүү хоёр өөр улсын иргэд монголын газар нутгийг тоглоом мэт худалдан борлуулж, дараа нь “чинийх минийх” хэмээн булаалдаж байхад хэн ч анхаараагүй. Монголын хуулийг уландаа гишгэж байгаа эдгээр гадаадын эрхмүүдийг холбогдох байгууллага нь анхааралдаа авах нь зүйн хэрэг байх аа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ