“Тэрэлж”-д амиа алдсан хүүхдийн асрагчид эрүү үүсгэжээ

Монголын хамгийн тансаг зэрэглэлийн гэгдэх “Тэрэлж” зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг өмнө нь бид мэдээлсэн. Энэ сарын 3-нд болсон энэ хэргийг “Тэрэлж” амралтын газрынхан ихэд нууцалж байгаа юм. Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай А Монголын томоохон бизнесменийн хүү аж.

Хэрэг гардаг өдөр ням гариг байсан бөгөөд “Тэрэлж” зочид буудлынхан байнгын үйлчлүүлэгчдэдээ онцгой хямдрал зарлаж, үйлчилгээний төлбөрөө нэг хүний хоногийн 60 мянган төгрөг болгон хямдруулж, үүндээ саун, бассейн, зоог зэргийг багтаасан байжээ. Тухайн өдөр талийгаач хүү асрагчийнхаа хамт байсан аж. Хүүгийн асрагч Филиппин улсын иргэн бөгөөд Монголд ирээд жил гаруй болж байгаа юм байна.

“Тэрэлж” зочид буудлын бассейн асрагч, хүү хоёрын хувьд байнга очдог, тоглоомын талбайны нэг хэсэг нь аж. Асрагч, хүү хоёр гэрийнхнийгээ иртэл усанд тоглохоор бэлтгэж, хүүг бассейны орчимд үлдээгээд хөвөгч авчрахаар цааш явах хооронд хүү усанд унаж, осолджээ. Харинасрагч хүүг уснаас гаргаж, тусламж дуудсанаас хойш хэсэг хугацааны дараа буудлын үйлчлэгч, бассейны зааварлагч багш, аврагчид ирсэн байна. Тэднийг ирэхэд хүү аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.

Дөрвөн настай хүүгийн осолдож амь насаа алдсан бассейны урт 23 метр, гүн нь 1.30-1.80 метр бөгөөд хүүхдийн, том хүний гэсэн тусгаарлалт байдаггүй юм байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хүү хэдхэн минутын дотор амиа алдсан гэв. “Тэрэлж” зочид буудлын хүмүүстэй утсаар холбогдож, энэ хэргийн талаар тодруулахад “Бид мэдэхгүй, энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бассейн, саун хэвийн ажиллаж байгаа” хэмээн утсаа тасалсан юм. Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүг амиа алдсаны маргааш тус бассейнд үйлчлүүлэхээр очсон иргэдийг “Усан сан засвартай байгаа. Гурван хоногийн дараа үйл ажиллагаа хэвийн болно” хэмээн буцааж байсан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 2-ны өдөр Найлах дүүргийн VI хороонд байрлах “Тэрэлж” амралтын газрын усан бассейнд Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн дөрвөн настай А живж нас барсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэхүү хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Филиппин асрагч болон буудлын ажилчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хүү усан бассейнд сэлж байгаагүй. Харин усан бассейны хажууд ойрхон гүйж тоглож байгаад санамсаргүй байдлаас болж халтирч унаж амь насаа алдсан. Хүүг Филиппин улсын иргэн харж байсан нь үнэн. Харин эцэг эх нь гадаадад байгаа гэсэн мэдээлэл худлаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

“Тэрэлж” зочид буудлын бассейнд живж амиа алдсан хүүгийн хэргийг ямар шалтгаанаар нууцлаад байгаа нь одоогоор тодорхой бус байна. Тус зочид буудал нь "Тэрэлж Сүйх" ХХК буюу "Гацуурт" ХХК-ийн охин компани юм. "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат "Тэрэлж" зочид буудлаа өөрийн охин Ч.Номинд 2008 онд бэлэглэсэн юм байна. Харин Ч.Номин нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг, саяхан дэлхийн телевизийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр тодорч байсан юм.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ