Ё.Лхагвасүрэн: Учир зүггүй чарлаад байвал халдаж чадахгүй

Өглөөд ажилдаа явах замд, байрны гадаа дөрвөн дугуйгаа тонуулсан машинтай хэд хэд таарлаа. Хөөрхий үнэхээр сэг болж үлдсэн байх юм. Эзэн нь аягүй бол дуг нойрондоо дугжирч буй биз. Сэтгүүлч миний эрэл энэ асуудлыг хөндөж жолооч нарт сануулга өгөхөөр шийдлээ.

Супер хөлгүүдийн эд анги бүр маш их мөнгөөр үнэлэгдэнэ. Тиймээс хулгайчдын нүдэнд үнэтэй машины дугуйнууд амар олдох хоол шиг харагддаг биз. Ингээд хайран сайхан машинуудыг дугуйнаас нь салгаад зогсоогүй эвдэж, гэмтээн хөсөр хаях тохиолдод сүүлийн үед цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон гэнэ. Анхандаа сайхан сэтгэлтэй хулгайчид тоосго, чулуу гэх мэт зүйл ивж орхиод дугуйг нь хулгайлдаг байсан бол сүүлийн үед хүн чанараа гээж дөрвөн дугуйг нь тайлж авангуутаа шидчихээд яваад өгдөг болчихож. Өнөөх машин дугуй ч үгүй, дээрээс нь гупер, хормой гээд авах юмгүй болж үлдэнэ гэсэн үг.

Ингээд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс энэ төрлийн гэмт хэргийн талаар тодруулсан юм.

-Ер нь жилийн жилд л машины дугуй, хучлага хулгайд алдлаа гэсэн дуудлага тасардаггүй. Үүнд жолооч нарын өөрийнх нь буруу байна уу?

-Мэдээж шүү дээ. Жолооч нар өөрсдөө эд хөрөнгөдөө эзэн болж, харж хамгаалж байх ёстой. Харуул хамгаалалттай газар тавих боломжгүй бол машиндаа дохиолол суулгуулаач ээ гэж уриалмаар байна.Учир зүггүй орилоод чарлаад байгаа машины дөрвөн дугуйг нь тайлаад бүтээлийг нь аваад явна гэж байхгүй. Бүтээлгээ хийхдээ болж өгвөл дөрвөн дугуйгаар нь гишгүүлэх ч юм уу, эсвэл шалтай бүтээлэг хэрэглэх нь зүйтэй. Эсвэл бүр бүтээлгээ машинтайгаа гинжлээд цоожилдог бол хулгайд өртөнө гэж байхгүй дээ.

-Ер нь ямархуу газар энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа бол?

-Гол төлөв харуул хамгаалалтгүй газар тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар байрлуулсан, мөн гэрэлтүүлэг орчин муутай ийм газар байрлуулсан машин л өртөж байгаа.

-Өвөлд энэ төрлийн гэмт хэрэг бүр нэмэгддэг биз дээ?

-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг олноор бүртгэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа машины өвлийн дугуй үнэд орон үеэр дугуйг нь хулгайлж зардаг болсон байна. БГД-ийн цагдаагийн хэлтэс өнгөрсөн жилээс өөрийн нутаг дэвсгэрийн 50-60-аад хувийг камержуулсан. Тиймээс энэ дүүрэгт бүтээлэг, машины дугуй, сэлбэг, эд анги хулгайлсан гэмт этгээдүүдийг илрүүлж байсан. Тэгэхээр камерийн систем энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад, хулгачийг илрүүлэхэд, урьдчилан сэргийлэхэд их тус болж байна.

-Жолооч нарт анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Иргэд, аж ахуй нэгжүүд гэр машин, ойр тойрныхоо гудамж талбайг камержуулаач ээ. Монгол улсын стандартад нийцсэн, тухайн камерын бичлэгийг буцааж сэргээх боломжтой, өөрөөсөө гэрэлтүүлэгтэй , бичлэг хийх чадвартай, манай эрс тэрс уур амьсгалд нийцсэн байвал зүгээр. Тухайлбал УИД-ийн гадна болон дотно камержуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг харьцангуй багассан. Ингэж камержуулснаар таны эд хөрөнгө хулгайч нарын гарт орохоос урьдчилан сэргийлж чадна.

Аравдугаар хорооллын “Golden park” хотхоны машины гараашын манаач:

-Энэ хавьд машины хучлага, дугуй, эд ангийн хулгай их гарах юм аа?

-Тийм шүү. Үнэхээр хэцүү. Өглөө босоод харахад л байрны эргэн тойронд дөрвөн дугуйгүй болсон машин гэхэд хэцүү зүйлүүд харагдах юм. Эзэд нь ажилдаа явахаар гарч ирээд л мэдэж байгаа юм даа. Бөөн юм болно шүү. Уг нь ингэж эд хөрөнгөө алдчихаад сүүлд нь харамсаж байхаар анхнаасаа сайн харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах хэрэгтэй байгаа юм.

-Та гараашт байгаа машинуудаа л хардаг уу?

-Тэгнэ. Гараашт байгаа машин хулгайд алдагдана гэж байхгүй. Сайн харуул хамгаалалттай байдаг. Ер нь жолооч нар олон машинуудын дунд машинаа шургуулаад тавьчихвал аюулгүй гэж боддог. Энэ буруу. Яагаад гэвэл харин ч олон машин дунд хулгайчид ажлаа гүйцэлдүүлэх нөхцөл боломж бүрдээд байгаа юм. Машинуудын дунд хулгай хийхэд хэнд ч харагдахгүй байгаа юм л даа. Би уг нь хааяа гадуур эргүүл хийдэг ч өглөө босоод ирэхэд л тонуулчихсан машинууд байсаар байна.

-Гадаа машинаа тавьдаг жолооч нар танд машинаа хараад өгөөч гэж гуйдаг уу?

-Гуйна аа. Гэхдээ ах нь бас ажилтай хүн болохоор гадаа тавьчихсан хүний машин харж байх боломж байхгүй. Жолооч та бүхэн өөрсдөө л хариуцлагаа өндөржүүлж, эд хөрөнгөө хамгаалж байгаарай.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ