Ч.Хоролсүрэн улсад 6 тэрбум 300 сая гаруй төгрөг төлнө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны зургадугаар сарын 12-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгчдийг мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг нарт 11 жил 1 сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил 1 сар, Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч тус бүрээс 1 337 938 448 төгрөг гаргуулж, “МИАТ” ТӨХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин мөн хэрэгт холбогдсон Н.Гантөмөрийг цагаатгажээ.
Уг хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2013 оны есдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, харин гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 1 560 928 189 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар Ч.Хоролсүрэнд найман жил, Б.Эрдэнэбилэгт долоон жилийн хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээжээ.
Мөн Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг гадагш шилжүүлэхэд оролцсон ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нартай үгсэн тохиролцоогүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзэж, тэдэнд оногдуулсан ялыг тодорхой албан тушаал хаших эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял болгон өөрчиллөө.
Түүнчлэн Н.Саранчимэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, банкны хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь оногдуулсан зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээж, Өршөөлийн тухай хуульд заасны дагуу гурван жилийг нь өршөөн хасч, биеэр эдлэх ялыг гурван жилээр тогтоожээ. ХаринЧ.Суурьтогтоход холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн хуралдаанаас Ч.Хоролсүрэнгээс зургаан тэрбум 300 гаруй сая төгрөг, Б.Эрдэнэбилэгээс хоёр тэрбум гаруй төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн битүүмжилсэн хөрөнгөтэй холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ