Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Мөн гомдол гаргасан гэх "Мунзуй" хочит Г.Нямдоржийн хэргийг ч яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргалын хэлснээр "Г.Нямдорж, Н.Номтойбаяр нарт хоёуланд нь олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн" гэлээ.
Хэргийг сануулбал өнгөрсөн есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 36 настай эрэгтэй Б цагдаагийн байгууллагад “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намайг хутгаллаа” гэсэн мэдээллийг өгч, гомдол гаргасан билээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн хэлтсээс Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас өөрт нь албан ёсоор мэдэгдсэн.
Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" хэмээх франц ресторанд гарсан гэдгийг албаныхан нотолсон юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ