Вакцинд хордоогүй, суурь өвчтэй байсан гэв


Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг гэх охинд сахуу татрангийн вакцин хийснээс болж гар хуруугаа тайруулахад хүрээд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнхандаас тодруулахад “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан” гэв.
Охинд гурван жил вакцинатор явуулж байгаа мэргэжлийн сувилагч аравдугаар сарын 7-нд вакцин хийсэн гэнэ. Сахуу татрангийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн, манайд хэрэглээд олон жил болж байгаа аж. Мөн вакцины хадгалах хугацаа 2016 онд дуусна, хэрэглэсэн зүү, тариур нь 2015 оны зургаадугаар сард дуусах хугацаатай. Тиймээс вакцин ямар ч аюулгүй байсан нь тогтоогдож байгаа гэж тэд үзэж буй юм.
Мөн “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Н.Энхбилэг охин төрөхдөө л дутуу төрсөн юм билээ. Вакциныг дандаа хоцорч хийлгэдэг байсан. Яагаад гэвэл жин дутуу гээд дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгдээгүй. Сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин энэ вакциныг хийхэд охинд илэрч байгаа шинж тэмдгүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан. Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан Синдромом стивенса джонса гэдэг өвчин. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин юм.Энэхүү өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан.” хэмээсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ