"Нарантуул-2"-ынхон ЦЕГ, НОБЕГ-ынхныг буруутгав

"Нарантуул-2" зах шатаж, галын шалтгааныг цахилгаан утаснаас болсон гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдэгдсэн. Тэгвэл "Нарантуул-2" захын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэллээ. Түүнчлэн тэд энэ галын хэрэгт 4-5 хүнийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан гэсэн юм.

Учир нь тус захын цахилгааны утас, шийдийг нэг жилийн өмнө буюу 2012 оны 12-р сард томоохон компаниар бүрэн янзлуулж, солонгосын сайн чанарын утсаар солиулжээ.Тиймээс цахилгаанаас болж гал гарсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Мөн гал гарсан орой буюу 22.00 цагт Нийслэлийн онцгой байдлын газрынхан ирж захад гарсан бага зэрэг галыг унтраасны дараа түлхүүрийг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байжээ. Гэвч гал бүрэн унтраагүй байсан бөгөөд үүрийн 04.00 цагт дахин гал дүрэлзэж, их хэмжээний хохирол учруулсан байна. Түрээслэгчид галыг унтраах гэсэн ч түлхүүр нь цагдаагийн байгууллагад байсан тул юу ч хийж чадаагүй гэлээ.

Мөн Нийслэлийн онцгой байдлын газрынхан эхний галыг унтраасан гэх мэдээ, баримт бичиж үлдээлгүй гал гарсан захыг орхин явсан аж. Тиймд "Нарантуул-2" захын түрээслэгчид ингэж хохирсон нь ЦЕГ болон Нийслэлийн онцгой байдлын газрын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл "Нарантуул-2" захад гарсан галын дүгнэлттэй холбоотойгоор ЦЕГ-аас байр сууриа илэрхийллээ. Тус захын удирдлагууд галыг бүрэн унтраагаагүйгээс болж түрээслэгчдэд их хэмжээний хохирол учирлаа гэж ЦЕГ болон НОБГ-ыг буруутгаж байгаа юм. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Гал цахилгааны гэмтлээс гарсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг НОБГ-ын аврах гал унтраах багийнхан болоод цагдаагийн байгууллагын ажилчид гаргахдаа "магадлалтай" гэж хэлсэн. Одоогоор мөрдөн байцаатын ажил дуусч байна. Өнөөдөр тус захаасцагдаагийн хамгаалалтыг буулгаж, гал гарсан газруудыг битүүмжилсэн. Энэ хэрэгт сэжигтнээр татсан, саатуулсан хүн байхгүй. Бусад мэргэжлийн байгуулагуудын дүгнэлт хараахан гараагүй байна" гэв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ