Амьд явах эрхтэй гэдэг нь амьсгаатай л байна гэсэн үг үү

Хоттойгоо хамт хөгжиж, хөлжих их мөрөөдөл минь өдрөөс өдөрт замхрах нь. Учир нь хот бүхэлдээ айдас дагуулж, амь насаа алдах эрсдэл дагуулж байна.

Хаа явсан газраа айж эмээж, дээрээс юу унаж, хажуунаас ямар машин мөргөж алах бол гэх мэтээр байнгын хянамгай байдал, сэрэмж шаардаж байна.

Баригдаж байгаа барилгын дээрээс ямар нэг юм унаж хүний амь нас эрсдлээ гэсэн мэдээлэл сонсоод одоо бараг цочирдох хүнгүй болчихож. Энэ чинь одоо юу болж байна аа.

Бас дээрээс нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмаа баримталж ажиллагаагүйгээс тэгж ч хүн унаж бэртлээ, амиа алдлаа гэх мэдээлэл өдөр алгасалгүй шахам дуулдах болов. Сайхан шинэ байранд орж амар тайван амьдрах гэж хүмүүс бодож байгаа. Гэтэл тэр сайхан байшин нь өчнөөн олон хүний амь нас, өвчин шаналалын эх үүсвэр болсон хар муу энерги шингэсэн гээд бодоход ямар санагдах бол.

{!!!left!!!}Монгол хүний сүсэг бишрэлээр бол энэ байрыг барихад хэдэн хүний амь эрсдээ бол гэж сэжиглэж бодохоор байна. Энд хятад монгол нь хамаагүй. Хүний амь л бол амь. Хариуцлага л бол хариуцлага. Гадаадын орнуудад хотын захиргаа ч тэр, төр ч тэр иргэний аюулгүй байдлыг хангах үүднээс олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг гэсэн.

Таггүй траншейны нүхийг анзааралгүй машинтайгаа ороод машинаа эвдэлчихвэл хариуцсан байгууллагаар нь хохирлоо төлүүлдэг. Төлөхгүй бол шүүхэд ханддаг бөгөөд шүүхийн шийдвэр иргэдийн талд гардаг гэж сонссон. Тэгэхэд манай улсад хохирох байтугай бүр амь насаа алдсан ч “хохь чинь” болж үлддэг болжээ.

Хотыг хоггүй болгож, утааны асуудлыг ярихаас наана нийслэлчүүдэд амьд явах баталгаа хэрэгтэй байна.Өнгөрсөн хугацаанд нийслэлд баригдаж буй зах замбараагүй барилгуудыг, жилдээ нэг удаа болсон болоогүй оромддог замаа бүтээн байгуулалт, хөгжил гэж эндрүүхгүй л юм бол Улаанбаатар хөгжсөнгүй. Харин улаанбаатарчуудын амьд явах эрх жилээс жилд өдрөөс өдөрт алдагдсаар л байна.

Монгол хүн Монгол нутагт Нэгдүгээрт байх ёстой, Америк хүн Америкийн газар нутаг дээр №1. Франц хүн францын газар нутаг дээр мөн л №1 байх ёстой гэсэн олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн эрх бий.

Харамсалтай нь Монгол эх орондоо ч хэн ч биш, гадаадад ч №2. Зөвхөн амьд явж, амьдрах эрх нь зөрчигдөж байгаа хүн Монголд хичнээн байгааг мэдэхэд хэцүү бишээ.

Нэгэнт л амьдрах эрх нь зөрчигдөж, биелэгдэхгүй байгаа юм чинь бусад улс төрийн, нийгмийн, соёлын эрхүүд биелэгдэхгүй.

Гэр бүл болох эрх нь биелэгдэхгүй, сурч боловсрох эрх, хөдөлмөрлөх эрх, бүтээн туурвих эрх зэрэг чухал эрхүүд нь биелэгдэж чадахгүй. Ийм чухал эрхийг дэндүү алдаатай оруулсны гайгаар өнөөдөр монголын хүн амын талаас илүү хувь нь ядууралд автсан. Монголыг яг ямар шалгуураар нь ардчилсан гэх юм бэ? Монгол хүнийг долоон дор амьдруулж байгаа эрх баригчдыг бас юу хийсэн гэж магтах юм бэ?

Аливаа ардчилсан улсын Үндсэн Хууль тухайн улсын эзэн болсон иргэн хүндээ зориулж гардаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө улсын хүнийг Үндсэн Хуулиараа хамгаалж, хүндэтгэдэг. Тэгвэл манай Үндсэн Хууль хэнд зориулж, хэний төлөө хийгдсэн юм бэ?. Үндсэн Хуулийн зорилго юу вэ? гэсэн асуултууд гарч ирлээ.

Монгол хүн хэрхэн амьдрах тэрхүү хүслийг биелүүлж, иргэнээ хамгаалахад Үндсэн Хууль чиглэгдсэн байх ёстой. Харамсалтай нь Үндсэн Хуулийг хийгчид монгол хүнийг мартчихаж.Үндсэн Хуулийн I бүлгийн 16-р зүйлийн 1-т Амьд явах л эрхтэй гэж заасан байна. Амьд явах гэдгийг бид юу гэж ойлгох бэ? Амьд байна гэдэг чинь тухайн хүн өлсгөлөн байна уу, өмсөх хувцастай байна уу, маргааш нь идэх хоол байна уу, амьдралаа аваад явчих ажилтай байна уу гэдэг нь хамаагүй зөвхөн амьсгаатай байх л гэсэн үг шүү дээ.

Хүмүүс хордохоос, амиа алдахаас айж байна. Ерөөсөө амьс­галах агаар, идэх хоол, уух ус, эм тариа гээд эрүүл орчинд амьдрах, ажиллах, амьд явах эрхтэй гэх мэт Үндсэн хуу­лиар хамгаалагд­сан хүний язгуур эрх ашигт заналхийл­сэн орчин, бүтээг­дэхүүн үйлчилгээ бүхий ний­гэмд амьдарч байгаагаасаа айж байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ