Т.Сайнжаргал: Гадаадын иргэд дээрэмдүүлсэн хэрэг цөөнгүй гарсан


Нийслэлд өнгөрсөн баасан гаригаас эхлэн Ардчилсан орнуудын сайд нарын долдугаар бага хурал болж байна. Уг өдрүүдэд гэмт хэргийн гаралт хэр байсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Өнгөрсөн өдрүүдэд гэмт хэргийн гаралт хэр байна?
-Хурлын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 150 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн. Ер нь дээрэм, булаалтын гэмт хэрэг ихсэх хандлага ажиглагдаж байна. Хэргийг 16-19 насны хүүхдүүд үйлдсэнийг тогтоосон.
-Гадаадын иргэд мөн гэмт халдлагад өртсөн гэх мэдээлэл байна?
-Гадаадын иргэдэд халдсан гэмт хэргүүд гарсан. Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг саатуулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Халдлагад өртсөн иргэд манай улсад түр хугацаагаар оршин сууж, зорчиж байсан. Сайд нарын уулзалтад оролцоогүй. Сайд нарын уулзалтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Тэглээ гээд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ алдагдуулах ёс байхгүй. Гэмт хэргийн гаралт ердийн өдрийнхтэй адил байна. 3000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна.
-Дорноговьт гарсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-“Голомт” банкны үүдэнд гадаадын хоёр иргэн дээрэмдүүллээ гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Швед улсын хоёр иргэний 150 мянган төгрөгийг, Тоёота маркийн автомашинтай Дорноговь аймгийн харьяат 23 настай М, 24 настай М гэгч нар бүлэглэн дээрэмдээд зугтсан хэрэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ