Баянхонгороос олдсон дурсгалуудыг музейн үзмэр болгоно


Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын жижиг хадан агуйгаас эртний оршуулга олсон ба тэнд эмээл, дөрөө, амгай зэрэг эд зүйлс харагдаж байгаа тухай мэдээллийн мөрөөр МҮМ-ээс Судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга, археологич Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан, археологич Ц.Одбаатар, С.Энхболд, Т.Түвшинжаргал, жолооч Г.Жамьяндорж нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг энэ сарын 3-наас 11-ны хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт ажиллаад ирсэн байна.Судалгааны үр дүнд Бөмбөгөр сумын Улаан сайд багийн нутаг Алагийн булан хавьд нийт гурван агуйн оршуулгыг малтан судалсан боловч хоёр нь эрт үед тоногдож сүйтгэгджээ. Эдгээр дурсгалууд нь XIII-XIV зууны үед хамаарах бололтой бөгөөд цаашид нарийвчилсан судалгааны үр дүнд илүү тодорхой хариулт өгөх боломж бүрдэх гэнэ. Эдгээр дурсгалыг археологийн судалгааны үүднээс малтан судалсны үр дүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө, модон хуйтай, эвэр иштэй хутга, ширэн хавтага, шавар ваар болон нум, нумны шөрмөсөн хөвч, үйсэн ховд, сумны хагас дутуу хадгалагдан үлдсэн хэсгүүд, дээл хувцасны тасархай хэсгүүд зэргийгилрүүлэн олж, сэргээн засварлах, бэхжүүлэх, судлах ажлыг эхлээд байгаа аж. Эдгээр олдворууд энэ жилдээ багтан Монголын Үндэсний Музейн тусгай үзэсгэлэнд тавигдах юм байна. Хэдийгээр энэ гурван дурсгалын хоёр нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн боловч нэг нь бүтэн хэвээр үлджээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ