Б.Ганцэцэг: Бусдаас өөр гэдгээ мэдэхээс нь өмнө эмчлүүлэх юмсан

Хоёрхон настай бяцхан охин нь тархины эвэрхий хэмээх төрөлхийн өвчтэй төрж, охиноо эмчлүүлэх гэж ард түмнээсээ тусламж гуйн суух өрх толгойлсон нэгэн бүсгүй Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирэн нийтийн байр хөлслөн амьдарч байна. Түүний охин Б.Мөнхзаяа хөөрхөн дуу шуутай, цоглог охин байна билээ. Сайхан сэтгэлт монголчууд маань ч гар сунган тусалсаар байгаа гэсэн. Энэ ярилцлагыг уншаад та ч бас туслана гэдэгт итгэж байна. Ингээд Б.Мөнхзаяа охины ээж Б.Ганцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Ганцэцэг гэдэг. Миний охиныг Б.Мөнхзаяа гэдэг. Хоёр настай. Бид Хөвсгөл аймгийн улсууд. Өнгөрсөн аравдугаар сард охиноо эмчлүүлэх гэж хотод ирээд нийтийн байр хөлслөөд амьдарч байна. Охин минь төрөлхийн тархины эвэрхий оноштой төрсөн. Энэ ургацаг нь төрөхдөө ийм том байгаагүй. Бие нь томрох тусам улам томроод байгаа. Анх 2,5 см хэмжээтэй байсан.
-Уг нь их хөөрхөн, цовоо сэргэлэн охин байна даа?
-Тийм шүү.Минй охин чинь бусад талаараа эрүүл саруул болохоор цовоо сэргэлэн. Харин энэ эвэрхийнээсээ болоод хөлд орж чадахгүй байгаа. Энэ эвэрхий нь харааны тэнцвэрийг алдагдуулаад байдаг гэнэ. Тэгэхээр хөлд ордоггүй гэж мэргэжлийн хүн нь хэлсэн.
-Энэ эвэрхийг бүрэн эмчлэх боломжтой гэж үзэж байгаа юм уу?
-Монголын эмнэлэгүүдээр зөндөө явсан. Энд эмчлэх боломжгүй гэсэн. Өмнө нь бас ийм өвчтэй хүүхдэд хагалгаа хийгээд амжилтгүй болж байсан юм билээ. Тэгээд бид нар гадаадын эмнэлэгүүд рүү захидал илгээгээд жил гаруй хариу хүлээсэн лдээ. Ганцхан Солонгос улсын эмнэлгээс хариу ирсэн. Өмнө нь ийм төрлийн хагалгаа хийж байсан гэсэн. Сүүлийн найдвар энэ л болчихоод байна. Уг нь охиноо төрөөд дөрөвхөн хоногтой байхад нь эмнэлэгт хандсан ч жаахан томрохоор нь хагалгаа хийнэ, одоо хагалгаа даах чадваргүй байна гээд явуулаад байсан. Тэгээд нэг ой хүрээд ирэхэд нь “Танай охинд хагалгаа хийх боломжгүй. Манайд ийм төрлийн хагалгаа хийх туршлага байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш л гадаад руу эмнэлэг хөөцөлдсөөр байж хоёр ой хүрчихлээ.
-Төлбөр нь хэд гэсэн бэ?
-Монгол мөнгөөр 250 сая төгрөгийн төлбөртэй гэсэн. Солонгосын иргэн биш болохоор даатгал энэ тэрд хамрагдах боломжгүй. Тэгээд ийм өндөр төлбөртэй байгаа гэсэн.
-Хандивын данс нээсэн гэсэн. Одоогоор хичнээн төгрөг цуглаад байна?
-Одоогоор 11 сая төгрөг цугласан. Сайн санаат монголчууд маань тусалж л байна. Өчигдөр л гэхэд Мааньтын хорих ангид хоригдож байгаа хүмүүжигчид тэнд ажиллаж олсон нэг өдрийн ажлын хөлсөө цуглуулж миний охинд 500 мянган төгрөг хандивлалаа. Анх TV8-аар бид хоёрыг гарч байхад үзсэн юм билээ. “Ард түмний толь” нэвтрүүлэгт бид хоёр оролцсон юм л даа.
-Энэ өвчин ямар учраас үүсдэг юм бол удамшдаг юм болов уу. Мэргэжлийн хүмүүс нь юу гэж байна?
-Удамшлын биш гэсэн. Манайханд ийм өвчтэй хүн байхгүй. Яг тийм ийм юмнаас үүдэлтэй гэж хэлээгүй. Тархины эвэрхийтэй төрсөн тохиолдол манай улсад цөөхөн байдаг юм билээ. Нэг тохиолдолд нь хагалгаа хийгээд амжилтгүй болсон гэсэн.
-Одоо эмчлүүлэхгүй удвал аюултай байх даа?
-Хугацаа алдаад байвал амь насанд нь улам л халтай болно гэж эмч нар хэлсэн. Энэ бондгорын цаана яс нь цөмөрхий байгаа. Тэр цөмөрхийгөөр нь цаана нь байгаа тархины шингэн түрж орж ирээд, энэ бөөрөнхий дотор бага хэмжээний тархи ажиллаад байгаа гэж эмч хэлсэн.
-Өөрт нь хэр их тээртэй байдаг юм бол?
-Миний охин чинь ухаанд ороогүй байгаа болохоор ийм эвэрхийтэй гэдгээ ч анзаарахгүй, мэдэхгүй шүү дээ. Унтах гэхээр хамрыг нь дарчихаад амьсгалахад хэцүү байдаг юм. Бид нартай адилхан юмыг харахгүй. Хоёр салгаж харна. Охиныгоо ухаанд ороод ийм өвчтэй, бусдаас өөр гэдгээ мэдэхээс нь өмнө эмчлүүлмээр байна. Тэгэхгүй бол сэтгэл санаагаар унаад яах ч юм билээ. Би их айж байна.
-Солонгост эмчилгээ хийлгэх цаг хугацаа товолсон юм уу?
-Одоогоор товлосон зүйл байхгүй. Яаратай хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн хариу ирсэн. Гол нь бидэнд мөнгө байхгүй болохоор ингээд байгаад байна. Энэ их мөнгийг хаанаас олохов дээ. Тэгээд л ард түмнээсээ хандив тусламж гуйж суугаа маань энэ. Гэхдээ дан ганц ард түмнээ хараад суухгүйгээр энд тэндэхийн халамжийн санд хүсэлт гаргаад бас л дэмжлэг хүсч байгаа. “Дуудлагын гэрэл”, “Бик даасан хөгжил” төрийн бус байгууллагууд бас их тусалж дэмжиж байгаа.
-Хөвсгөлөөс төрөн гарсан улс төрчид байгаа шүү дээ. Тэр хүмүүст хандаж байв уу?
-Хандах гээд чадахгүй юм. Нодлин Хөвсгөлөөс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Л.Энх-Амгалантай уулзах гээд туслахаар нь дамжуулж хүсэлт тавьсан ч бүтээгүй. Бас эрүүл мэндийн яамнаас тусламж хүсэхэд одоо тусламж үзүүлэх болмжгүй. Харин хагалгаагаа хийлгээд ирэхэд нь эмчилгээний зардлын таван хувийг нь гаргаж өгнө гэсэн бичиг өгсөн.
-Та одоо хэдэн настай билээ?
-35 хүрч байна. Би гурван хүүхэдтэй. Том охиноо сургаж чадаагүй. Одоо ажил хийж байгаа. Дунд хүү маань бас коллежид суралцдаг. Тэгээд степент гэж сард 45 мянган төгрөг авна. Бас хоёр том хүүхдийн маань аав нь нас барчихсан юм. Тэгээд хагас өнчин гэж 103 мянган төгрөгийн тэтгэмж авна. Би нэг ажил хийгээд сард 350-иад мянган төгрөг олно. Ингээд л амьдралаа залгуулж байна даа. Энэ нийтийн байрны түрээс нь сард 250 мянган төгрөг байдаг.
-Хамаатан садангууд тань хэр их тусалж байна?
-Сэтгэлээрээ тусалж л байгаа. Бид ялгаагүй л амьдрах гээд ядаж байгаа улс шүү дээ. Айхтар том, мөнгө төгрөгтэй хүн байхгүй ээ.
Ховор төрлийн хүнд өвчтэй энэ бяцхан охинд сайхан сэтгэлт хүмүүс боломжийнхоо хэрээр тусалсаар байна. Та ч гэсэн тэдэнтэй нэгдэж хоёрхон настай бяцхан охинд туслаарай.
Хандивын данс: Хаан банк 5906010221 Б.Ганцэцэг
Мессежээр бичих утас: 155889
Холбоо барих утас: 99020352
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ