Өөртөө таалагдсан байхад өрөөлд ч таалагдана

Хажуу орцны нэгэн найздаа,- Өглөөдөө хамтдаа гүйж байх уу? гэхэд- Уг нь гүймээр л байна. Гэхдээ хүн харвал юу ч гэх юм билээ. Урдхан талд минь өсгийтэй гуталтай нэгэн бүсгүй алхаж явна, санамсаргүй хазгай гишгэж газарт харуулдан унасанаа (хэн ч унаж болно) *хөл минь зүгээр болов уу* гэж хөлөндөө анхаарал хандуулахын оронд, *хэн нэгэн намайг харчихаагүй байгаа* гэсэн аястай эргэн тойрноо яаравчлан харна... Дүү минь, - Уг нь би хичээл дээрээ асуугдмаар л байна! Даанч хүүхдүүд юу гэж хэлэх бол гээд гардаггүй юм?... Нэгэн найз маань, - Уг нь эрүүл хоололтыг эрхэмлэж хар гурилын талх идмээр л байна. Даанч хүн харвал юу ч гэх юм билээ?... Танил ах маань, -Уг нь дугуй унах эрүүл мэндэд тустай л даа? Би унмаар л байна. Даанч хүмүүс юу гэх юм билээ? Ажлыхан онигоонд хийх биз ... Нэгэн шавь маань, - Ээждээ *хайртай* гэдэг үгийг хэлмээр л байна. Даанч ээж маань юу гэж ч бодох юм билээ?...Нэгэн эгч маань, -Эрүүл мэндээ бодвол, гэррүүгээ алхаж баймаар л байна. Даанч таньдаг хүн амьтан таарчихвал юу ч гэх юм бил ээ? ... Би уг нь дуу дуулах дуртай л даа, даанч, хүмүүс... Би уг нь...даанч, хүмүүс... хүмүүс... Би уг нь... даанч, хүмүүс... хүмүүс... хүмүүс.... Эцэс төгсгөлгүй... даанч.

Ер нь нь бодохнээ хэн намайг юу гэж бодох нь хамаагүй, би бусдын эрхэнд халдчихгүй бол өөрийнхөө сайхан байгаа бүхнээ хийвэл яасан юм бэ.Бид хэний зохиосон дүрэм журмаар амьдраад байгаа юм бэ. Сайхан хүүхэн ийм байх ёстой, бүх хүн цагаан талх идэх ёстой, эр хүн уйлах ёсгүй, алдсан бол хүн биш, хүүхэд бол хүүхэд, бүдүүн хүн залхуу... эмэгтэй хүний ухаан богино, сайхан хүүхэн унгах ёсгүй, олны танил хүн алдах ёсгүй, Сайн менежер заавал сайн цаг зүүх ёстой. Ёстой, ёсгүй. Энэ баахан дүрэм журмуудыг хэн зохиосон юм бэ. Хэн нь зохиочихоод, хэн нь энэ дүрмээрээ амьдруулах гээд байгаа юм бэ. Баригдмал сэтгэлгээ, торлогдсон бодол.

Эрхэм уншигчид өөрийнхөөрөө амьдрах гэдгийг дотоод эрч чөлөөний мэдрэмж, оюун санааны эрх чөлөө талаас нь ойлгоорой. Тэрнээс биш өөрийнхөөрөө амьдрана гээд, нийгмийн дүрэм журам зөрчиж, улаан гэрлээр давхиж, хашгирч, ёс зүйгүй авирлахын нэр биш шүү. Мөн бусдад таалагдах гэдэг ойлголтыг ажлын ур чадвар, нийгмийн дүрэм журам зэргээс ялгаж салгаж ойлгоорой. Жишээ нь ур чадвараа дээшлүүлж, хамт олондоо үнэлэгдэх гэдэг бол тусдаа ойлголт шүү. Миний юу хийх яаж явах надад болон надад хамаатай хүмүүсээс бусдад ёстой хамаа ч байхгүй асуудал.

Хэн нэгэн намайг юу гэж бодох бол яаж харах бол гэж өөрийгөө барьж амьдрах хэрэг байгаа юмуу. Өөртөө бол таалагдахыг хичээнэ. Нэг зүйл хийчихээд гайгүй сайн хийж өөрийгөө овоо юмаа гэж бодож явах сайхан. Биеэ тоох биш шүү.Бусдын өмнө өөрийгөө сайрхахыг биеэ тоох гэдэг байх.Харин дотроо өөрийгөө тоохыг өөрөөрөө бахархах гэдэг болуу.Тэрнээс махтай хоол өөрөө идмээр байж хэн нэгэнд таалагдахгүй байж магад гээд махгүй хоол идээд яваад байх хэрэг үү. Утгагүй юм. Заавал бүгдэд таалагдах ёстой юмуу тоох нэг нь тоогоол тоохгүй нь тоохгүй л байна биз хамаатай юу.

Бид хэн нэгэнд таалагдах гэж оролдох нь ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ хүрээллийхээ дарамтанд л оруулж байгаа хэрэг л дээ. Гэхдээ би юу гэж боддог гээч. Бид нийгэмд амьдарч байгаа учраас хүссэн хүсээгүй бусдад сайхан сэтгэгдэл тѳрүүлж байх учиртай. Би ѳѳрѳѳ ѳѳртѳѳ таалагддаг, ѳѳрийхѳѳрѳѳ байна гээд хаа хамаагүй газар далдаганаад байх шаардлагагүй. Тэгж дэлхий дүүрэн тэнэгтэх хэрэггүй л дээ. Хүссэн хүсээгүй л бид нийгэмтэй зохицоод л явна. Тийм болохоор ѳѳрийхѳѳрѳѳ байж, ѳѳртѳѳ таалагдахаас гадна бусдыг ч гэсэн хүлээн зѳвшѳѳрѳх нь чухал. Хэн нэгний тэнэг үйлдлийг муулж, шоолж байхын оронд өөрийгөө л сайн хичээ. Тэгээд л болоо.

Би гэхэд л өчигдөр өглөө зүв зүгээр гэрээсээ гараад л ажил дээр байж байсан чинь нэг таньдаг хүн "Үс чинь ургаад бүр царайг чинь дарчихаж" гэхээр нь толинд харсан чинь нээрээ ч тэгсэн юм уу гэж бодоод тэр хөөрсөн сэтгэлээрээ үсчин ороод үсээ бүр жижиг болгочихсон. Тэгсэн одоо болохоор харамсаад л байна. Энэ хүмүүсийн үг бид нарт их нөлөөлж байгаа биз. Миний хариултыг ойлгож байгаа биз дээ. Өөртөө таалагдах нь л чухал. Мэдээж өөртөө таалагдчихсан байхад өрөөлд таалагдаад эхэлнээ гэж.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ